Хорт хавдраар залуу хүмүүс өвчлөх нь нэмэгдэж байна. 50-аас доош насны хүмүүсийн бүдүүн гэдэс, умайн хүзүү, хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай байна гэж Америкийн Хавдар судлалын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Кристина Аннунзиата “Business Insider” сэтгүүлд ярьжээ.
Бүдүүн гэдэсний хорт хавдар нь 50-аас доош насны эрэгтэйчүүдийн хорт хавдрын нас баралтын тэргүүлэх шалтгаан, ижил насны эмэгтэйчүүдийн нас баралтын хоёрдугаар шалтгаан болдог байна. 55-аас доош насны хүмүүсийн бүдүүн гэдэсний хорт хавдраар нас барах тохиолдол 2000-аад оны дунд үеэс хойш жил бүр ойролцоогоор нэг хувиар өссөн байна. Эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдраар өвчлөх тохиолдол 2000-аад оны дунд үеэс жил бүр ойролцоогоор 0.6 хувиар нэмэгдэж байгаа ч 50-аас доош насны эмэгтэйчүүдийн өвчлөл 50 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийнхээс огцом өссөн байна. Үүний зэрэгцээ 30-44 насны эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Энэ насны эмэгтэйчүүдийн өвчлөл 2012-2019 он хүртэл жилд 1.7 хувиар өсжээ. Сайн мэдээ гэвэл эдгээр төрлийн хорт хавдрыг илрүүлэх шинжилгээнүүд байдаг бөгөөд энэ нь хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой гэсэн үг юм.
Гэр бүлийнхээ өвчний түүхийг мэдэж аваарай
Танай гэр бүлийн гишүүдэд хэдэн насанд нь хорт хавдар үүссэн эсэхийг мэдэх нь чухал гэдгийг Аннунзиата онцолжээ.
Удамшлын хорт хавдар нь удамшдаггүй хорт хавдраас эрт үүсдэг. 50 наснаас өмнө бүдүүн гэдэсний хорт хавдартай гэж оношлогдсон бараг гурван хүн тутмын нэг нь гэр бүлийн түүх эсвэл удамшлын урьдал өвчинтэй байдаг аж. “Johns Hopkins Medicine”-ийн мэдээлснээр гэр бүлд байдаг BRAC1 эсвэл BRAC2 генийн мутаци нь хөхний хорт хавдар тусах магадлалыг 45-85 хувиар нэмэгдүүлдэг байна.
https://www.yahoo.com/news/3-types-cancer-affecting-more-165840691.html