Монголд нас ахиад ирэхээр өвдөгний үеэр нь өвддөггүй, хатгадаггүй хүмүүс цөөн болохыг өөрөө өвдөж, эмчлүүлж байж мэдэв. Учир нь өвдөгний үеэ эмчлүүлж байгаа надаас миний эргэн тойрны маш олон хүн хэрхэн эмчлүүлж болохыг асууж лавласаар. Бас ихэнхи нь ам дамжсан яриа, ойлголтоор яг л над шиг хугацаа алдаж буй нь ажиглагдсаар. Тиймээс ч анхан шатны эмийн, физик эмчилгээнээс эхлээд мөгөөрс нөхөх мэс заслын эмчилгээ хийлгэж, улсын, хувийн бүх шатлалын эмнэлэг дамжсан өөрийн туршлагаа жишээлж өвдөгний үений өвчлөл, эмчилгээний талаар мэргэжлийн эмчтэй ярилцсанаа хүргэе.
“Хэдэн жил болоод үе солиулахаас өөр аргагүй болжээ. Хугацаа хэтэрч...” гэсэн оношийг үгүйсгэж, эмчлээд буй “Мэлтэс мед” эмнэлгийг үүсгэн байгуулагч, гэмтэл согог засалч, үений дурангийн мэс заслын эмч Д.Энхтүвшинтэй ярилцлаа.
Түүний намтарт “3D принтерийг анх удаа Монголын анагаах ухааны салбарт нэвтрүүлсэн, өвдөгний үений мөгөөрсний дутмагшлыг яс-мөгөөрсний хамт шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх мэс засал, эмчилгээг Монголд нэвтрүүлснээр өвдөгний үеийг бүтэн солих мэс заслын тоог бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Тайвань, БНСУ, Япон, ХБНГУ, Тайвань зэрэг оронд туршлага судалсан. 2022 он хүртэл ГССҮТ-ийн Насанд хүрэгчдийн гэмтлийн тасгийн спортын гэмтэл болон дурангийн мэс заслын эмчээр ажиллаж байсан” гэж бий.
Онош тодруулах хамгийн зөв шинжилгээ нь MRI
-Таны мэс заслын эмнэлэг байгуулах шалтгаан, амбицыг эхлээд тодруулмаар байна?
-Ерөнхийдөө дэлхий нийтэд өвдөгний үрэвсэл буюу остеоартрит өвчин өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Дөрвөн хананы дундаас гарахгүй, хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэл, ясны сийрэгжилт, үений гадаргууны бүтцийн өөрчлөлт, тэжээлийн дутагдал зэрэг нь дэлхий нийтэд тулгамдсан асуудал болж буй. Ийм өвчлөлтэй хүмүүс цаг алдалгүй эмчилгээ үйлчилгээ авахад манайд асуудал бий. Яг тан шиг гэмтэл бэртэлтэй хүмүүс Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр олон хоногоор хүлээх болдог. Ийм шалтгаантай хүмүүст эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор эсийн эмчилгээ, дурангийн мэс засал хийдэг эмнэлгээ 2022 онд нээсэн. Өвдөгний өвчлөл өөрөө амьдралын чанарт маш муугаар нөлөөлдөг. ОУ-д энэ өвчлөлийг дурангийн мэс ажилбараар эмчилж шийддэг болсон.
-Өвдөг өвдөөд удахаар үе сольдог, тийм л эмчилгээ байдаг гэсэн ойлголт манайханд түгээмэл байна. Ер нь үе солиулахаас өмнө ямар эмчилгээнүүд хийж байна вэ?
-Өвдөгний үрэвслийг шат шатанд нь эмчлэх арга технологи ОУ-д хэдийнэ нэвтэрсэн. Өглөө босоход өвдгөөр хатгах, янгинах ч юм уу өвчлөхөөс өмнө бие махбодид дохио ирдэг. Тэр үед нь анхаарч урьдчилан сэргийлж оношуулах хэрэгтэй. Нэн тэргүүн зөв сайн оношилгоо чухал. Онош тодруулах хамгийн зөв шинжилгээ нь MRI шинжилгээ. Олон улсад MRI-аар өвчтөнөө үнэлж байна.
Нэгт, өвдөгний үений өвчлөлд эхний эмчилгээ нь эмийн бас физик эмчилгээ.
Хоёрт, эсийн, тарилгын эмчилгээ, гормоны, үүдэл эсийн, PRP буюу ялтас эсээр баялаг сийвэн эмчилгээ, гиалурин эмчилгээ гээд тарилга эмчилгээнүүд бий. Гуравт, дурангийн аргаар уригдсан зөөлөвч жийргэвч мөгөөрсийг оёх, нөхөх мэс засал. Дөрөвт, мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал. Дараа нь тэнхлэг буюу өнцөг засах мэс заслын арга байна. Майграад байгаа дотор талын хэсгээс гадна талын булуу, шилбэ рүү шилжүүлэх мэс засал гэж ойлгож болно. Европ, гадны оронд өнцөг засах мэс засал хийгээд хөл дахиад майграад ирвэл энэ мэс заслыг дахиж хийдэг. Ингээд хамгийн сүүлийн эмчилгээ нь өвдөгний үе солих. Бид MRI шинжилгээтэй харьцуулж байж л өвчтөндөө ямар эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Одоо гутлын улавчаар гишгэлт засах хүртэл аргаар өвдгийг эмчилж байна.
-Эсийн, тарилгын эмчилгээг ямар үед хийж байна вэ?
-Өвдөгний үенд тэжээл дутагдахаар мөгөөрс уян хатан чанараа алдаж хатуурч ховхроод, улмаар жийрэглэж байгаа мөгөөрсөө ураж, гэмтээж эхэлдэг. Ингээд өвдөгний өвчин улам даамжирна. Ийм нөхцөлд үрэвслийг түр намдааж, эсээр эдгээх ОУ-д батлагдсан эмчилгээг хийдэг. Голдуу өвдөгний үеэ солиулахгүй гэсэн ахмадуудад энэ эсийн эмчилгээг Тайвань стандартаар хийж байна. Эмчлүүлэгчийн цуснаас эрдсийг ялгаж аваад мэс заслын стандартын өрөөнд халдвар хамгааллын дээд зэргийн орчинд өвдөгний үенд зөв газар байршуулах нь маш чухал. Нэгээс есөн сарын хугацаанд үе дотроо байршиж эмчилж, нөхөн төлжүүлж байдаг. Орон нутагт амбулатори, энгийн өрөөнд хийж байгаад халдвар хамгаалал алдаж, амь насанд хүрсэн тохиолдол ч бий.
Монголд эсийн энэ эмчилгээ нэвтрэхээс өмнө дан өвчин намдаах дааврын эмчилгээнүүд хийдэг байсан.
Өвдөг эмчлэх сүүлийн арга нь үе солиулах
-Ер нь хүнд хөнгөн ч гэлээ мэс заслын эмчилгээний үр дүн, үр нөлөө нь ямар байх бол?
-Эдгээр нь хүний амьдралын чанарыг сайжруулах гэж хийж байгаа мэс ажилбар. Тухайлбал мөгөөрс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг аль болох эрт хийх нь зохистой. Үхжилттэй мөгөөрс, жийргэвчний шаардлагатай хэсгийг авч цэвэрлэдэг. Дараа нь тэр онгорхой хэсгийг өвдөг дэх өөрийн донороос авсан мөгөөрсөөр нөхнө. Азаар өвдөгт ийм донор хэсгүүд бий. Мөгөөрс авсан онгорхой хэсэгт үүдэл эс, сэдээлт үүсч яс хугараад бороолдогтой адил нөхөн төлжиж эдгэдэг. Нэг үгээр ясны хэмээс үүдэл эс ялгарч, тэр хэсэгтээ тэжээл өгч нөхөн төлждөг. Энэ мэс заслын маргаашнаас нь л эмчлүүлэгч гишгээд явна.
Өвдөгний хиймэл үений тухайд 15-20 жилийн насжилттай. Манайд гэмтэл аваад тоохгүй удчихсан, үений гадаргуу мөгөөрс элэгдээд удчихсан тохиолдол цөөнгүй. Энэ нөхцөлд үе солиулахаас өөр аргагүй. Өвдөгний үе солих ажилбар нь эцсийн эмчилгээ. Яваандаа үе нь сулардаг. Нас ахих тусам яс сийрэгжиж, суулгацны доогуур хугарах тохиолдол бий. Ингэж үе солиулах хугацааг нь аль болох хойшлуулахад дурангаар мөгөөрс шилжүүлэх мэс засал, эсийн эмчилгээ зэрэг нь чухал үүрэгтэй. Мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал монголд нутагшаагүй байсан бол таны энэ өвчлөл дээр өнцөг засах мэс засал, дараагийнх нь үе солиулах л болох байлаа. Гэтэл 40 хэдэн насандаа өвдөгний үеэ солиулна гэдэг харамсаар шүү дээ.
-Миний хувьд анх мөгөөрс нөхөх хагалгаанд орох юм байна гэсэн хариуг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нараас сонсоод юун мэс засал вэ гээд үл ойшоож эмчилгээ хийж аргалж явсан. Хоёр жилийн дараа дахин очиход мөгөөрс нөхөх хагалгааны хугацаа хэтэрчээ. Та 4, 5 жилийн дараа ирж үеэ л солиулах юм байна гэхэд нь бараг л шок. Харин танай эмнэлэгт ирж өөр арга байгааг олж мэдэж хоёр газраа мөгөөрс нөхүүллээ. Долоон сарын дараа, сая та МRI-аар хараад хагалгааны үр дүнг сайн, сайн эдгэж гэсэн хариу өглөө. Сайхан мэдээ байлаа.
-Бид ийм эмчилгээг зохиогоод байгаа юм биш л дээ. Дэлхийн томоохон эмнэлэг, эмч нар юу хийгээд байгааг судалсны үндсэн дээр хийж байна. Олон ч шавь нар суралцаж байгаа, цаашид улам сайжрах байх. Анх ГССҮТ-д өвдөгний урд чагтан холбоос сэргээх мэс заслыг 8 цаг хийдэг байлаа.
2012 онд Н.Түвшинбаяр яг ийм гэмтэл авахад монголд энэ төрлийн мэс засал нэвтрээгүй, эмчилгээ байсангүй. Тиймээс ч аварга гадагшаа явж өндөр төлбөртэй мэс засал хийлгэсэн байх. Спортынхон ийм гэмтэл авахаараа дандаа л гадагшаа явж эмчлүүлдэг байсан. Биднийг Тайваньд очиж суралцаж байхад танай монголоос олон хүн ирдэг байлаа. Одоо цөөрсөн гэж байсан нь бидний ажлын том үр дүн болов уу. Чагтан холбоосыг сэргээх мэс заслыг монголд анх хийж эхэлсэн нь Т.Мөнхсайхан эмч. Би өөрөө энэ ажлын голд нь байгаагийн хувьд эхлэлийг нь сайн мэднэ. Т.Мөнхсайхан өөрөө аппарат оруулж ирээд бид хэд нилээн бэрхшээл туулж байж өдий зэрэгт хүрч байна. Одоо бол өвдөгний ард, урд чагтан холбоосыг сэргээхээс эхлээд бүхий л шатны мэс заслыг дэлхийн стандартын түвшинд хийж байна.
Өвдөгний чагтан холбоос нөхөх мэс заслын хугацааг 10 дахин бууруулж чадлаа
-Ямар өртөгтэй мэс засал вэ?
-Баттай үгүйг мэдэхгүй, Японд 40-50 мянган $ байдаг гэж сонссон. Тайваньд 25 000 $ байсан, одоо ямар байгааг мэдэхгүй. Харин манай улсад ЭМД-аа төлсөн иргэн 500 000 төгрөгөөр, ахмад настнууд үнэ төлбөргүй хийлгэж байна. Өнөөдөр гэхэд л манай эмнэлэгт БНХАУ-ын ӨМӨЗО-оос 10 гаруй эмчлүүлэгч ирж эсийн эмчилгээнд орж эхэллээ. Тайваньд саяхан нэвтэрсэн гэхээр манай улс энэ эмчилгээгээр хоцроогүй л явна.
-Ер нь өвдөгний мөгөөрс, жийргэвч урагдсан тохиолдолд өөрөөр нь нөхөж эдгээнэ гэж байх уу?
-Спортын гэмтэл бол тусдаа. Тамирчид ийм гэмтэл маш их авдаг. Урд чагтан холбоосоо хоёр тасдаад карьергүй болно гэж ярьдаг шүү дээ. Нэг үеэ бодвол MRI хийлгэж, оношоо зөв тодруулах ёстой гэдгийг хүмүүс одоо л ойлгоод байна. Энэ гэмтлийн үр дагавар нь маш том. Урд чагтан холбоос тасарсан байхад тоглож байгаад арын чагтан холбоос, бусад мөгөөрсөө, үений гадаргуугаа гэмтээнэ. Спортын гэмтэл нь бүр анагаахын шинжлэх ухаанд тусдаа ойлголт. Мэс засал хийлгэснээс хойш 6 сараас нэг жилийн дараа эргээд хэвийн байдалдаа ордог. Бөхчүүдэд бас их тохиолдоддог гэмтэл.
Мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал бол өөр. MRI шинжилгээн дээр үндэслэж хийх эсэхийг шийднэ. Нэгэнт 1 см-ээс дээш диаметртэй мөгөөрсөн эдийн дутмагшилтай /уригдсан, элэгдсэн/, үений үрэвсэл буюу остеоартрит 3, 4 дэх шатанд орсон тохиолдолд боломжгүй, үеэ солиулах шаардлагатай. Харин үений зай хэвийн, гэмтэл харьцангуй бага тохиолдолд энэ хагалгаа маш үр дүнтэй. Энэ эмчилгээ нь өвдөгний үе солиулах хугацааг хойшлуулдаг.
Бид Солонгос, Герман, Япон, Тайвань зэрэг улсад судалсан, ажилласан туршлагаа нэвтрүүлж хамгийн сүүлийн багаж тоног төхөөрөмж ашиглан мэс заслаа хийж байна. Нэг ч эрэг шураг хэрэглэдэггүй, Солонгос улсад хүртэл хийж эхлээгүй технологиор урд чагтан холбоосыг залгаж байна. Хоёр жилийн угацаанд бидний дадлага туршлага, техник аль алиных нь түвшин ахиж, зарцуулах цагаа 10 дахин багасаж чадлаа. Одоо бол чагтан холбоос залгах мэс засалд дунджаар 30-45 минут зарцуулж байна.
ОУ-ын судалгаагаар өвдөгний өвчнөөр өвчлөгсдийн 70 хувь нь эмэгтэйчүүд
-Монголчуудын, ялангуяа эмэгтэйчүүдийн дунд өвдөгний өвчлөл өндөр байгаа нь анзаарагддаг. Өвдөг нь өвдөөд эрт мурийх, майга болох тохиолдол их байна. Үүний шалтгаан нь?
-Нэгт, эмэгтэйчүүдийн төрөлттэй холбоотой. Төрөх үедээ маш их эрдсээ алддаг. Хоёрт, хүүхэд төрүүлдэг аарцагнаас өвдөгний үе рүү ирж байгаа Q өнцөг их учраас нас ахих тусам гишгэлт өөрчлөгддөг. Ихэвчлэн өвдөгний дотор талаар өвдөж эхэлдэг. Мөн өсгийтэй гутал их өмсөхтэй холбоотой. Цэвэршилтийн үед дааврын өөрчлөлтөө сайн анзаарч анхаарч, эрдсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Өвдөгний мөгөөрс өөрөө тэжээл авахдаа тааруу, цусан хангамж маш муу эд эрхтэн.
Дээр нь жингийн илүүдэл, бас хэрх, тулай, системийн өвчинтэй хавсарч хүндэрдэг. Ер нь ОУ-ын судалгаагаар энэ өвчнөөр өвчлөгдсдийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөний мөн 70-80 хувь нь эмэгтэйчүүд байна.
Бас өвдөгний үенд яс ургасан, өвдөгний шингэн багассан гэж буруу ярьж ойлгох нь бий. Өвдөгний үений мөгөөрсөн гадаргуу өөрчлөгдөж, яс өөрийнхөө бүтцийг алдан сийрэгжиж хэмт байдалд ордог. Хагалгаагаар тэр яснуудыг хусахаар хөөс шиг зөөлхөн болчихсон учраас маш амархан авагддаг. Амнаас ам дамжсан ойлголтоороо буруу эмчлэх тохиолдол бий.
Нэг хөл дангаараа өвддөггүй...
-Эмч нар нэг хөл дангаараа өвдөгггүй. Тиймээс эмчилгээгээ аль болох хурдан эхлэх хэрэгтэй гэж зөвлөдөг юм билэ. Үнэн болохыг бас л биеэрээ мэдэрсэн.
-Хүн өвдөж байгаа хөлөн дээрээ зогсохоо байгаад 75 хувийн ачааллаа нөгөө эрүүл хөл рүүгээ шилжүүлдэг. Ингээд нөгөө хөл нь муудна. Тиймээс ч сүүлд өвдсөн хөлөө түрүүлж эмчлүүлэх шаардлагатай болдог. Тухайн хөлний үений бүтцэд өөрчлөлт ордог.
Ер нь өвдөгний өвчлөл бол зөвхөн өвдөгнийх биш юм. Явахаас дургүй хүрнэ, таргална, хазагнаж яваад нуруу өвдөж эхэлнэ, шөнө нойргүй хононо, стрестэнэ, даралт ихэснэ, бусад эрхтнээ өвчлүүлнэ.
Тиймээс өвдгөө хамгаал. Хамгаалахын тулд хөлний булчин шөрмөсүүдийг чангалах ёстой. Хэрэв өвддөг бол оношилгоо шинжилгээний үндсэн дээр таарсан дасгал хөдөлгөөн хийнэ. Гэхдээ чагтан холбоос, мөгөөрс гэмтсэн хүн булчингаа чангална гээд сууж босоод байж болохгүй. Бассейнаар хичээлэх, дугуй хий жийх зэргээр олон дасгал бий.
-Манайхан энэ ч сайн, тэр ч сайн гээд ам дамжуулан ахуйн уламжлалт аргаар эмчлэх нь их. Элдэв тос, тэмээний зогдор, халуун лаа... олон ч зөвөлгөө сонсож байна. Үр дүн хэр бол?
-Тэгсхийгээд эмчилж байгаа арга бол түр зуурын өвчин намдаах л арга. Ер нь дохио өгч эхлэх үед, өвдөж байгаа үед эрт л үзүүлж оношлуулах хэрэгтэй. Уламжлалт аргыг үгүйсгэх аргагүй ч би, бидэнд тийм ном заалгаагүй, уншиж үзээгүй, ойлголт ч байхгүй. Орчин үеийн анагаах ухааны аргаар л эмчилж байна. Өвдөгний үений том гэмтлийн үед ямар ч тос тавиад нэмэргүй, эмчлэгдэхгүй.
Мөгөөрс уригдсан бол хондроглюкозамин эм уугаад ч эдгэхгүй, урагдлыг нөхөхгүй. Энэ хугацаанд мөгөөрс нь үений гадаргууг гэмтээж өвчлүүлсээр л байна. Оношлуулаарай. Мэс заслаар эмчлэгдэх заалттай бол түүгээр л эмчлэгдэнэ. Янз бүрийн оношилгооноос зөвхөн MRI-ийг л санал болгоё. Үений эхо гэхэд л шингэнийг харахаас хэзээ ч мөгөөрс, жийргэвчний урагдал, урд чагтан холбоосыг харахгүй. Гэхдээ бидний хувьд MRI зураг, бодит үзлэг, өвтнөөс авсан асуумж дээр үндэслэж оношилдог.
-Ярилцлагын төгсгөлд юу нэмж хэлэх вэ?
-У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хувийн, улсын эмнэлгийн үйлчилгээг ижил статустай болгож, даатгалд хамруулсан шийдвэр гаргасныг санаж байгаа байх. Бусад орны эрүүл мэндийн салбар энэ жишгээр хурдтай хөгжиж ирсэн байдаг. Жишээ нь 70 жилийн өмнө эрүүл мэндийн салбараа энэ тогтолцоо руу шилжүүлсэн БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ өнөөдөр ямар түвшинд хүрснийг манайхан сайн мэднэ.
Бидний тухайд илүү сайн боловсон хүчин, илүү сайн тоног төхөөрөмж, сайхан өрөө тасалгаатай, ОУ-д өрсөлдөхүйц эмнэлэгтэй болъё гэж мөрөөдөж байна. Зөвхөн мэс засал, эмчилгээгээ хийгээд явж байсан эмчид эмнэлгийг удирдах бас л нэг шинэ шалгуур юм байна. Зөв ойлгоосой гэж үйлчлүүлэгч, бас ажиллагсдаасаа хүсье. Одоогоор манай эмнэлэг өдөрт дунджаар 10-аад мэс засал хийж байгаа. Байгуулагдаад нэг жил 6 сар гаруй хугацаанд нийт үений дурангийн 800 гаруй хагалгаа хийгээд байна. Манай эмнэлэг 45 хүний орон тоотой, мэс заслын 6 эмчтэй, 40 ортой, мэс заслын вакумжуулсан хоёр өрөөтэй. Энэ оны эхэнд дэлхийн Top "Mindray" 4К U1 үений дурангийн хамгийн сүүлийн үеийн аппаратыг суурилууллаа. Эрүүл мэндийн ажилтнууд бидэнд, мэс засалчдад сайн багаж тоног төхөөрөмж, түүн дээр ажиллах шилдэг боловсон хүчин хамгийн чухал. Иргэддээ эрүүл аюулгүй орчинд хүртээмжтэй чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн төлөө манай хамт олон хичээж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Д.Даваадулам