Ч.Тамир: Монгол Улсад бүртгэгдсэн витаминуудыг улсын хилээр оруулахад саадгүй олгогдоно


Биологийн идэвхт бүтээгдэхүүн витаминыг улсын хилээр оруулж ирэхгүй, зөвшөөрөл шаардаад байна гэх асуудалд гаалийн байгууллагаас өнөөдөр тайлбар өглөө.
ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир "Зөвшөөрлийн тухай болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хоёр хуулийн зүйл заалт хоорондоо зөрчилдөөнтэй, аль нэг хууль нь давуу нөхцөл байдал олгогдоогүй бол УИХ зөрчлийг арилгах ёстой.
Гаалийн байгууллагын хувьд хоёр хуулийн зөрчлийг арилгах чиглэлээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт албан тоот хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед зөвшөөрөлгүй бол улсын хилээр нэвтрүүлэхгүй хориглох эсвэл Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхээр байна уу гэдгийг мэргэжлийн байгууллагаас чиглэл өгөхийг хүссэн. Удахгүй хариу ирэх байх.
Энэ хугацаанд иргэд улсын хилээр хувийн хэрэглээндээ зориулж витаминыг оруулж ирж болох, болохгүй юмуу гэдэг асуудал үүсэж байна. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр үүнтэй холбоотой хүндрэлүүд гардаг.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар биологийн идэвхт бүтээгдэхүүн витамин эм, эмийн түүхий эдийг улсын хилээр импортоор оруулж ирэхэд Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Энэ заалт хүчинтэй.
Гаалийн байгууллага улсын хилээр орж ирж байгаа биологийн идэвхт бүтээгдэхүүн болон витаминыг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг нягтлах, хянах үүрэгтэй. Учир нь биологийн бүтээгдэхүүн эм нь хүний биед хоруу чанаргүй, хор аюул учруулахгүй гэдэг нь бүртгэлийн үйл ажиллагааны явцад тодорхой болдог. Уг бүртгэлийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хийдэг.
Иргэд хувьдаа болон ойр дотныхныхоо захиасаар биологийн идэвхт бүтээгдэхүүн явуулж байгаа тохиолдолд Монгол Улсын бүртгэлд орсон эсэхийг шалгах хэрэгтэй. Бүртгэлтэй бүтээгдэхүүнийг саадгүйгээр эзэнд нь хүргэж байна.
Монгол Улсын бүртгэлд ороогүй витаминуудыг явуулсан тохиолдол бий. Энэ тохиолдолд бүтээгдэхүүний дээжээ бүртгүүлсэн байх ёстой. Ингэсний дараа хилээр нэвтрүүлнэ гэдэг шаардлага тавиад саатуулдаг. Түүнээс биш бүтээгдэхүүнийг хурааж аваад устгадаггүй. Энэ нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах вий, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын найрлага байх вий гэдгээс сэргийлэх үүднээс уг шаардлагыг тавьдаг.
Монгол Улсад бүртгэгдсэн витаминуудыг улсын хилээр оруулахад ямар нэг саадгүйгээр хувийн хэрэглээнд олгогдоно гэж ойлгож болно.
УИХ-аас зөрчилдөөнтэй байгаа хоёр хуулийн залруулга хийгдэх байх" хэмээн ярилаа.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан