СӨҮЛ. /TASS/.БНСУ-д 13 хүн томуугийн вакцинжуулалтад хамрагдсаныхаа дараа нас баржээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам мэдэгдсэн байна.Томуугийн вакцинаар тариулсныхаа дараа нас барсан 13 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нөхцөл байдалд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлэхийн сацуу энэ хэргийг нарийн мөрдөн шалгахаа мэдэгджээ. Нас барсан анхны тохиолдол 10 дугаар сарын 16-нд Инчон хотод бүртгэгджээ. Тэр үед 17 настай дунд сургуулийн сурагч вакцин хийлгэсний дараахан нас барсан байна. Хожим нь Сөүл, Кёнгидо муж болон бусад бүс нутагт мөн ижил тохиолдлууд ар араасаа цувран гарчээ. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь настай хүмүүс байсан аж.
Ийм нөхцөл байдал нь олон нийтийн сэтгэлийг түгшээсэн хэдий ч болсон хэргүүдийн зургаан тохиолдолд нь томуугийн вакцин, нас баралт шууд холбоо хамааралтай байсныг тогтоогоогүй гэдгийг эмч нар мэдэгджээ. Вакцинуудаас хортой бодис илрээгүй байна. Түүнчлэн түгээмэл илэрдэг гаж нөлөөнүүдийн нэг болох анафилактикийн шоконд орсон байх магадлалыг шалгахад сөрөг хариу гарчээ.
Үүнтэй холбоотойгоор “COVID-19”-н цар тахал дэгдсэн энэ үед энэ онд заавал хамрагдах ёстой томуугийн вакцинжуулалтыг зогсоох шалтгаан байхгүй гэж эрүүл мэндийн байгууллагууд үзэж байгаа аж. БНСУ-д 2009 оноос хойш томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан нийт 25 тохиолдол бүртгэгдсэн байна.