Тарваган тахал: Дархлаажуулалтын вакциныг хүссэн бүхэн хийлгэхгүй

Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд аялж зугаалахдаа тарваганы мах идэхгүй байх, тарваган тахлын вакцин хийлгэхийг анхааруулж байгаа. Тэгвэл тарваган тахлаас сэргийлэх вакцин хүрэлцээтэй муутай байдаг учраас тэр бүх хүмүүс хийлгэх боломжгүй байдаг аж.
Тэгэхээр иргэдэд тарваган тахлаас сэргийлэх боломж нь өөрийгөө эрсдлээс хамгаалахын тулд тарваганд ойртохгүй, махыг нь идэхгүй байх сонголт үлдэж байна.
Тарваган тахлаас сэргийлэх вакцины талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр “Монгол Улс вакцин үйлдвэрлэгч орон биш учраас дархлаажуулалтын вакциныг ОХУ, Казахстан улсаас оруулж ирдэг. 30-38 мянга орчим иргэдийг хамруулж 15 мянга орчим вакциныг нөөцөнд хадгалдаг.
Урьдчилан сэргийлэх боломжтой учраас дархлаажуулалтын вакциныг санал болгодоггүй.
Гэхдээ дархлаажуулалтын вакциныг хүссэн бүхэн хийлгэхгүй. ЗӨСҮТ-ийн 15 аймаг дахь салбар жил бүр халдварын голомт бүс нутгуудаар тандалт судалгаа хийдэг. Ингэхдээ эхлээд тухайн газар нутагт нөхцөл ямар байна, ан амьтдад тусах магадлал хэр байна, бэлчээрийн мал тусах боломжтой юу, хүний өвчлөлийн эрсдэл бий юу гэдгийг гаргадаг. Судалгаан дээр үндэслэн хэчнээн хүнийг вакцинд хамруулахыг тооцоолно. Тэгэхээр дархлаажуулалтын вакциныг амьдарч буй бүс нутаг, ажил мэргэжлийн онцлогоос харгалзан үзэж түүврийн аргаар хийдэг. Жишээлбэл, байгаль хамгаалагч, уурхайн ажилчид, хээрийн судалгаа хийдэг археологи, геологийн ажилчид, тарваган тахалын голомтод ажиллах эмч зэрэг хүмүүст хийдэг. Энэ жил тандалт судалгаагаар 32800 хүн хамруулсан.
Улсын төсвөөс гаргаж байгаа их мөнгийг хариуцлагагүй иргэнээр төлүүл гэсэн шүүмжлэл гардаг. Төлбөрөө өөрсдөө төлөх ёстой гээд харсаар даамжруулж, тахал үүсгэж болохгүй шүү дээ. Эмнэлгийн байгууллагын зорилго бол өвчтөнийг эдгээх. Олон нийтэд халдвар тархахаас сэргийлж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Харин хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагууд шалгаж, хүлээлгэдэг” гэлээ.
Б.ИРЭЭДҮЙ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан