UNICEF: Коронавирусээс хамгаалах хамгийн сайн аргуудын нэг бол гараа угаах

НЬЮ-ЙОРК./UNICEF/.НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/ гэр бүл, олон нийтийг “COVID-19” халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд саван, цэвэр усаар хэрхэн хангаж байна вэ?


Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн хямд, амархан, ач холбогдолтой аргуудын нэг нь гараа савандаж, тогтмол угаах юм. Гэсэн хэдий ч олон хүүхэд, гэр бүл ус, ариун цэврийн хэрэгслийн дутагдалтай хэвээр байна. Дэлхийн хүн амын 40 хувийнх нь гэрт саван, ус дутагдаж байгаа бол 900 сая хүүхдийн сургууль дээр саван, ус дутагдалтай байгаа аж.


“UNICEF” тэдэнд ус, ариун цэврийн болон эрүүл ахуйн хэрэгслүүдийг хүргэхийн тулд улс орнуудын Засгийн газар, компаниудтай хамтран ажилллаж байна. “UNICEF” дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 11.5 сая гаруй хүнд тусламж хүргэжээ.

Йемен. Аден хотод есөн настай Хаят Али Амкам дотооддоо дүрвэсэн хүмүүсийн хуаранд ус авч байна. "UNICEF" орон гэрээсээ дүрвэсэн йеменчүүдэд цэвэр ус болон эрүүл ахуйн хэрэгслүүдээр хангах ажиллагаагаа өргөжүүлж байгаа ажээ.


Афганистан. “Ketab Iwast” хөдөлгөөнт номын санг үүсгэн байгуулагч Идресс Сеявош Жалалабад хотоос 300 километрт зайтай Бехсуд дүүрэгт очиж, хүүхдүүдэд “COVID-19”-өөс хэрхэн сэргийлэх хийгээд гар угаахын ач холбогдлыг таниулахаар очжээ.

“COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш “UNICEF” Афганистаны эмзэг гэр бүлүүдэд 84 тонн гаруй саван тараажээ. Үүнд дотооддоо дүрвэсэн 45 мянга гаруй хүн багтсан бөгөөд тэдний тэн хагасаас илүү хувь нь хүүхдүүд ажээ.

Мөн “UNICEF”-ийн дэмжлэгтэй сүлжээгээр 1.8 сая гаруй ширхэг саванг тарааж байгаа бөгөөд дахин 6 сая саванг үйлдвэрлэж байна.


Бангладеш. Кокс-Базар дүүрэг дэх рохинжа дүрвэгсдийн хуаран дахь “UNICEF”-ийн дэмжлэгтэй сургалтын төвд хүүхдүүд гараа савандан угааж байна.

Кокс-Базар дахь дүрвэгсдийн хуарангуудад 850 мянган рохинжа дүрвэгч байдгийн тал гаруй нь хүүхдүүд ажээ. Дүрвэгчид шигүү суурьшсан эдгээр хуаранд “COVID-19” халдвар тархах эрсдэл өндөр юм. 2020 оны гуравдугаар сарын байдлаар “UNICEF” эдгээр хуарангийн 216 мянга гаруй хүүхдэд гар угаах хичээл заажээ.


Кот д’Ивуар. “U-report”хөтөлбөрийн ажилтан гараа сайтар угааснаар “COVID-19”-өөс сэргийлэх боломжтойг хүүхдүүдэд зааж байна.

Африк тивд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн даруйд “UNICEF”-ийн Кот д’Ивуар дахь салбар халдварын талаар болон хэрхэн сэргийлэх тухай мэдээллийг өгөх кампанит ажлыг эхлүүлжээ.


Йордан. Зургаан настай Дарен бага сургуульд болсон гар угаах хичээлд сууж байна.Цар тахал дэгдсэнээс хойш “UNICEF” болон тус байгууллагын түншүүд нийгмийн эмзэг бүлгийн эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүлж, саван тараасан байна.


Кени. Кибера хороололд нэгэн хүү гараа зааврын дагуу угааж байна. “UNICEF” нь Кенид халдвар авсан хүүхдүүдийн дуу хоолой болж байгаа бөгөөд тус байгууллага дөрөвдүгээр сарын эхэн үеэс Киберад ус, ариун цэвэр, эрүүл ахуйн хэрэгслийг хүргэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаа ажээ.


Өмнөд Судан. “UNICEF” болон түүний түншүүд Жуба хотын иргэний хамгаалах газарт байгаа 7500 орчим хүнд шаардлагатай хэрэгслүүдийг тараах үеэр нэгэн хүү хувин, саван авч байна.

Мөн “UNICEF” Эрүүл мэндийн яамтай хамтран эмнэлгийн ажилтнуудыг сургаж, тэднийг хамгаалалтын хэрэгслээр хангаж байгаа ажээ.


Венесуэл. “UNICEF”-ийн Венесуэл дэх салбарын Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал хариуцсан дарга Дэвид Саймон нийслэл Каракас хотын захад байрладаг эрүүл мэндийн төвд нэгэн охинтой ярилцаж байна.  

Венесуэлд ус түгээх шугам гэмтэж, олон өрх усгүй болсон үед “COVID-19” цар тахал дэгджээ. “UNICEF” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх тулд эрүүл мэндийн төвүүдийн гар угаах хэсгийг засаж, шинээр суурилуулж, шаардлагатай хэрэгслийг тараажээ.


Вьетнам. Бүжигчин Куанг Данг хүүхдүүдтэй хамт “гар угаах бүжиг” бүжиглэж, гараа тогтмол угааснаар коронавирусээс сэргийлнэ гэдгийг зххж байна.

“UNICEF” сургуулиудад гараа угаах хэсгийг байгуулснаас гадна саван, гар ариутгагч, усны шүүлтүүр тараажээ. Энэхүү тусламж 500 мянга орчим хүнд хүрэх бөгөөд тэдний 300 мянга нь сурагчид ажээ. 

скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл