Хүйтний эрч чангарч, хүмүүсийн хөл хөдөлгөөн, нэмэгдэх тусам амьсгалын замын халдварт өвчин тархах нөхцөл бүрддэг. Өвлийн улирлыг ханиадгүйгээр төсөөлөхөд бэрх гэхэд инээдтэй ч жилийн дөрвөн улирлын алинд ч бидний өмнө тулгардаг анхаарах шаардлагатай асуудал мөнөөс мөн. Иймд НЭМХ-ээс өгч буй ханиаднаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн гурван аргыг хүргэе.
1. Гарын ариун цэвэр сахих
Гараа цэвэр байлгах нь ханиад хүрэхгүй байхад чухал нөлөөтэй гэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Гарын ариун цэвэр өвчин үүсгэгч нянг үржүүлэх явцыг бууруулдаг. Тиймээс хаалганы бариул, компьютерийн гар болон хүмүүстэй гар барилцсаныхаа дараа гараа тогтмол угааж заншаарай.
2. Зөв хооллох
Шим тэжээл ихтэй хоол, хүнс хэрэглэх нь дархлаа сайжруулж, элдэв өвчний нянг тэсвэрлэх чадвартай болгодог. Ханиад томуу тусахгүйн тулд амин дэмээр баялаг төрөл бүрийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа хэрэглээрэй.
3. Ханиаж найтаах үедээ гараараа хаалт хийхгүй байх
Ханиаж, найтаах нь аливаа өвчний вирусыг түгээх хамгийн дөт зам гэдгийг хүн бүр мэднэ. Тийм ч учраас ханиаж, найтаахдаа гараараа хаалт хийдэг. Гэвч энэ нь хамгийн буруу зүйл болохыг иргэд тэр бүр мэддэггүй. Гараараа хаалт хийхийн оронд амны алчуур, сальфетка ашиглах, эсвэл гарынхаа тохойн хэсэг рүү найтаах хэрэгтэй.