Г.Долгорсүрэн: Цагаан хорхой өвчний хамгийн ноцтой шинж тэмдэг нь хамраас цус гарах

“Энэрэлт манал” эмнэлгийн лабораторийн эмч Г.Долгорсүрэнтэй ярилцлаа.
 

-Цэцэрлэг, сургууль эхлэх үеэр хүүхдүүдээс цагаан хорхойн шинжилгээ авдаг. Ер нь энэ цагаан хорхой гэдэг нь ямар төрлийн өвчин юм бэ. Мөн цагаан хорхой гэдэг нь ямар янзын хорхой байна вэ?
-Бүдүүн, шулуун гэдсэнд амьдардаг хэвийн бус биет буюу хорхой юм. Энэ хорхой нь хүний гэдсэнд нуугдмал маягаар байдаг. Хүний бүдүүн, шулуун гэдсэнд хэвийн болон хэвийн бус маш олон төрлийн бичил биетүүд их хэмжээгээр амьдардаг. Эдгээр бичил биетүүдийн хоорондын зохистой хэмжээ нь алдагдаад ирэхээрээ энэ өвчин тухайн хүндээ ямар нэгэн байдлаар илэрч эхэлдэг. Тэр дундаа бага насны хүүхдүүдэд энэ өвчин яагаад их илэрдэг вэ гэхээр сургууль, бага ангийн хүүхдүүд үдийн цай ууна, цэцэрлэгийн хүүхдүүд цэцэрлэгтээ хоол идэж, унтаж, цэцэрлэг дээрээ өдөржингөө гар хуруугаараа нүүр амаа оролдох зэргээр хөдөлгөөн хийдэг. Тийм болохоор энэ үед хүүхдүүдэд нэг нэгнээс нь халдвар дамждаг. Дээхнэ үед хүүхдийн ялгадсанд цагаан хорхой ажиглагддаг байсан бол одоо тийм хорхойгүй, хүүхдэд ямар нэг загатнаа мэдрэгддэггүй байлаа ч хүүхдийн эмчид үзүүлэхэд цагаан хорхойтой байх нь түгээмэл болсон.
-Цагаан хорхойтой хүүхдэд ямар шинж илрэх вэ?
-Хамгийн ноцтой шинж тэмдгүүдийн нэг бол цагаан хорхойн өвчнөө эмчлэхгүй удаан явбал хамраас цус гардаг. Цэцэрлэгийн насандаа цагаан хорхойтой байсан хүүхдийг эмчлүүлэхгүй байлаа гэхэд бага анги, дунд ангид ороод хамраас нь цус гарч эхэлдэг. Энэ бол ноцтой шинж тэмдэг. Хүмүүс хүүхдийн хамраас цус гарахыг юу гэж ойлгодог вэ гэхээр цус бүлэгнэлт, элэг, чих, хамар, хоолой, хамрын бие даасан өвчин гэж үзээд байдаг. Хамраас нь цус гардаг хүүхдүүдийн дийлэнх буюу 98 хувь нь цагаан хорхой өвчний улбаатай байдаг. Шимэгч бичил биетэн нь механизмаараа үйлчлээд хүүхдийн хамрын дотор талын нимгэн салстуудыг гэмтээдэг. Хоруу чанар нь тийм ноцтой илэрдэг гэсэн үг.
Мэргэжлийн эмч дурангаар хамрын салстыг нь харахад маш том шалбархай, шарх, судасжилтууд үүссэн байдаг. Ханиад хүрэх, эсвэл хуурайшилттай үед хүүхэд хамраараа оролдох, нусаа нийхэд л хамраас нь цус гарчихдаг. Тэрийг нь ээж, аавууд ихэнхдээ мэддэггүй. Хэрвээ ийм түгээмэл шинж тэмдэг таны хүүхдэд илэрвэл хүүхдийн мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зүйтэй. Хоолонд дургүй болох, гэдэс орчмоор нь эвгүйрхэх, хошного нь загатнах зэрэг шинж нь бага нас, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд илэрдэг шинж тэмдэг. Гэхдээ хүүхдүүд зовиураа тэр бүр хэлж мэддэггүй болохоор хоолондоо дургүйлхэхээс эхлүүлээд бие нь тавгүйрхдэг учир эцэг эхчүүд бага насны хүүхдээ маш сайн анзаарч байх хэрэгтэй. Хошного нь илтэд загатнахгүй байлаа ч гэсэн хүүхдийн эмчид үзүүлэхэд буруудахгүй.
-Цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө юуг анхаарах ёстой вэ?
-Та хүүхдээ лабораторид дагуулж очоод шинжилгээ өгөхөд хүүхдээс тань цагаан хорхой илрэхгүй байж болно. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр хүүхдийг унтаж амарч байхад цагаан хорхой нь хошногоны амсар дээр ирж, тэр хавьд байж байгаад хүүхэд босоод хөдлөхөөр нааш хөдлөөд явчихдаг. Үнэхээр л цагаан хорхойг илрүүлэх зорилгоор шинжилгээ өгөх гэж байгаа бол урьд өдөр нь усанд ороогүй, өглөө нь хүндрээгүй, босонгуутаа цаг алдалгүй тэр дороо лабораторид ирж шинжилгээ өгвөл цагаан хорхойн шинжилгээг үнэн зөв бодитой илрүүлэх боломжтой. Цагаан хорхой 21 хоног тутамд өндөглөдөг. Лабораторийн шинжилгээгээр тэр өндгийг нь хардаг. Ид хорхойтой үед гэдсээр нь дүүрэн өндөг, цагаан хорхойтой байгаа нь лабораторийн эмч нарт харагддаг. Бид чинь микроскопоор харж байгаа шүү дээ. 21 хоногийн хугацаанд илрэхгүй бол ойр ойрхон буюу 3-4 хоногийн хугацаатай шинжилгээ өгч цагаан хорхойг нь илрүүлэх хэрэгтэй.
-Энэ өвчний эмчилгээ хэр удаан үргэлжилдэг вэ. Ганцхан эм уухад л бүрэн эдгэчихдэг гэх юм?
-Өрхийн эмнэлгүүдээр цагаан хорхойн эмчилгээ хийгдэж байгаа. Мөн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар энэ эмчилгээ хийдэг. Цагаан хорхойн өвчинд уудаг хэд хэдэн төрлийн эмнүүд бий. Тухайн хүний биеийн жинд тааруулж эмийг уулгалаа гэхэд хажуугаар нь баримталдаг дэглэмүүд байдаг. Уг дэглэмийг баримтлаад 14 юм уу, 21 хоногийн дараа яг тэр эмийг нь дахин биеийн жинд нь тааруулаад уулгадаг. Эмчилгээний схем нь тийм байдаг. Ямар эм уулгахаа тухайн эмч нь сонгодог.
-Ямар дэглэм бэ?
-Өдөр болгон хүүхдийнхээ ор хөнжлийн даавууг солих хэрэгтэй, даавууных нь нугалаас, хуниасыг индүүдэх хэрэгтэй. Мөн дотуур хувцсыг нь өдөр бүр сольж, индүүдэж өмсгөх ёстой. Шингэн бүлээн юм сайн уулгаж, унтаж амраах хэрэгтэй. Цагаан хорхойн эмчилгээний үед энэ дэглэмийг аав, ээж нь ч бас давхар баримталж байж эмчилгээ үр дүнгээ өгдөг. Ингэж байж хорхой устдаг. Тэгэхгүй ганц эмээ уучихаад л ингээд боллоо гэж бодож болохгүй. Хэрвээ дотуур хувцсыг нь өдөр бүр сольж, индүүдэж өмсгөхгүй бол нугалаа, оёдол, хуниасанд нь байсан нэг ширхэг хорхой хөдлөхөд хүүхэд гараараа маажина. Гараа ам, хамартаа хүргэнэ. Ингээд тойрон эргэлдэх хөдөлгөөнд орчихдог. Цагаан хорхой өвчнийг эмчилгээний үед 100 хувь устгаж чадахгүй байгаа нь тийм учиртай.
-Эмчилгээний үед ямар хоол хүнс идвэл зүйтэй вэ?
-Болж л өгвөл унтаж амрах хэрэгтэй. Шингэн бүлээн юм ойр ойрхон оочиж ууж, шарсан хуурсан хоол хүнс идэхгүй байвал сайн.
-Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор хүүхдүүдээс цагаан хорхойн шинжилгээ авдаг нь жилийн энэ л үед уг өвчин ихээр дэгддэг гэсэн ойлголт төрүүлэхээр юм байна шүү?
-Есдүгээр сарын нэгэн болохоос хэдхэн хоногийн өмнө, эсвэл бүр хичээл эхэлсний дараа зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ цагаан хорхойн шинжилгээг өгөх гээд гүйж байдаг. Уг нь ялангуяа цэцэрлэгийн хүүхдийн цагаан хорхойн шинжилгээг наад зах нь сарын өмнө өгчихвөл шинж тэмдэгтэй эсэхийг нь мэдчихнэ. Хэрвээ шинж тэмдэг илэрвэл эмчлүүлээд хичээл эхлэхэд эмчилчихсэн байвал зөв юм. Болж өгвөл хичээл эхэлсэн хойно акт авахгүйн тулд багш нар нь хичээл эхлэхээс өмнө шинжилгээ өгөхийг шаарддаг, эцэг эхчүүд нь ч тэр үүргээ ухамсарлаад биелүүлэх ёстой байгаа юм. Тэгтэл гэнэт л шинжилгээ өглөө, хүүхэд нь хорхойтой гарлаа. “Эмч ээ, зүгээр гэж бичээд өгөөч. Хүүхэд маань цэцэрлэгтээ явах юм” гэцгээнэ. Ингэж болохгүй. Хэрвээ ийм худал бичиг хийлгэвэл тухайн хүүхэд цэцэрлэгтээ, ангидаа хорхойны халдвар тараана.
-Насанд хүрчихээр цагаан хорхойгүй болчихдог. Цагаан хорхой бага насны хүүхдүүдийн өвчин гэж эндүүрдэг. Гэтэл энэ өвчнөөр өвддөг насанд хүрэгчид бий шүү дээ?
-Тухайн айлын нэг хүүхдэд цагаан хорхойн шинж тэмдэг илэрч, үзлэгээр хорхой илэрсэн бол тэр хүүхэд ганцаараа биш, гэр бүлээрээ эм уудаг. Тийм схемээр эмчилдэг өвчин л дөө.
Цагаан хорхойн эмчилгээг нэг удаа маш даацтай хийлгэх хэрэгтэй. Эмчилгээний үеэр ахуйн талаас юуг баримталбал зүйтэй вэ тэрийгээ сайн баримталж эмчилгээ хийлгэвэл тэр дороо эдгэрдэг. Хэрвээ дэглэмээ баримтлахгүй, хэнэггүй байдал гаргаж эмчлэгдэхгүй удвал хорхой улам идэвхжээд яваад байдаг. Цагаан хорхойн эмийг санаан зоргоороо эмийн сангаас авч ойр ойрхон уугаад байвал хоёрдогч хэлбэрийн маш хүнд өвчлөлд шилжүүлдэг шүү гэдгийг эцэг эхчүүд мэдэх ёстой.
 
www.dnn.mnскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан