Хүний үр хөврөлийн ДНХ өөрчилдгийг хориглохыг уриалав

Хятад эрдэмтэн ихэр охидын ДНХ-д санаатай засвар оруулснаа мэдэгдэж, дэлхий нийтийг цочроосноос дөрвөн сарын дараа генетикийн тэргүүлэх шинжээч, ёс суртахууны хэм хэмжээг баримтлагч нар генийн засварын технологийг хүнд хэрэглэхийг хориглохыг уриалцгаав.
Амьд хүүхэд бүтээх зорилгоор эр бэлгийн эс, өндгөн эс, үр хөврөлийн ДНХ-д өөрчлөлт оруулахыг бүх доктор, эрдэмтдэд хатуу хориглохыг генийн засварын арга анх хөгжүүлэгчид хүртэл оролцож буй судлаачдын бүлэг дэлхийн улс орнуудад уриалж байна. Энэ хориг нь генийн засварын илүү хатуу чанд хяналттай шинэ стандарт бий болох хүртэл үйлчлэх юм. Шинэ стандарт мөрддөг болох хүртэл ДНХ засварын CRISPR технологийг нөхөн үржих эсийн бус түвшинд судалгаа хийх, эмгэг өвчин анагааж эмчлэхэд л ашиглах аж.
“Шинжлэх ухааны түүхэн дэх шийдвэрлэх мөч ирлээ. Энэхүү шинэ технологи хүмүүний амьдралын эх үндсийг шинээр бичих боломж бүрдүүлж өгнө” хэмээн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн шинжлэх ухааны бодлого эрхэлсэн захирал Кэрри Фишер, тэргүүлэгч Франсис Коллинз тэргүүтэй эрдэмтэд Nature сэтгүүлд нийтлүүлсэн уриалгадаа хавсаргасан захидалд тайлбарлажээ.
Тэд “хүний генийн засварыг нөхөн үржихүйн зорилгоор ашиглах нь нийгэм, ёс суртахуун, философи, шашин шүтлэгийн маш ноцтой үр дагавартай. Агуу их үр дагавартай зүйлийг асар нарийн эргэцүүлэх ёстой” хэмээв.
CRISPR хэрэглүүр нь ДНХ-ийн үсэг бүрдүүлэгч генийн кодын биетүүдийг “тасалж авах, наах” боломж олгодог. Уг хэрэглүүрийг генийн гажгаас үүдэлтэй өвчин эмгэгийг эмчлэх шинэ арга хэмээн үздэг.
Гэхдээ хэрэглэхэд харьцангуй хялбар байдгаас шалтгаалан өвчтөнийг хорлох, төрөөгүй байгаа хүүхдэд шаардлагагүй засвар оруулахад CRISPR-ийг ашиглаж болзошгүйд эрдэмтдийн сэтгэл түгшиж байна. Уриалга гаргасан эрдэмтэд ийм шаардлагагүй засвараас үүдэлтэй, эдүгээ хэн ч хэлж үл мэдэх үр дагаврыг та бидний ирээдүй үеийнхэн үүрнэ гэдгийг сануулсан юм. Хориг тавих нь CRISPR ашигладаг судалгаа туршилтын ажлыг удаашруулах эрсдэлтэй ч ноцтой технологийг буруу зорилгоор ашиглахыг зогсоох ач холбогдолтойг судлаачид тайлбарласан юм.
“Эрдэмтдийн уриалга нь хүмүүний төрлийг шинэчлэн инженерчлэх хамгийн балмад төлөвлөгөөнд хаалт болж өгнө” хэмээн судлаачид бичжээ. CRISPR-ийг хүний ДНХ өөрчлөхөд ашиглах нь өвчтөнд хор хөнөөл хүргэх, нийгмийн итгэлийг алдагдуулах зэрэг хавьгүй ноцтой уршигтайг тэд анхааруулж байна.
Уриалгад гарын үсэг зурсан эрдэмтдийн дотор Массачусетсын технологийн их Сургууль, Харвардын их Сургууль хамтарсан Брод хүрээлэнгийн захирал Эрик Ландер, CRISPR технологийг анх хөгжүүлэгчдийн нэг Берлин дэх халдварын Биологийн макс Планкийн хүрээлэнгийн захирал Эммануэль Шарпентье нар багтаж байна. Мөн уг технологийг хүний эсэд анх туршсан хүн болох Брод хүрээлэнгийн биохимич Фэн Жан ч уриалгад гарын үсэг зуржээ.
HIV буюу хүний дархлал хомсдлын вируст тэсвэртэй болгохын тулд генд нь засвар хийсэн ихэр охид 11 дүгээр сард хорвоод мэндэлсэн тухай мэдээлэл нийтэд тарсан нь энэхүү уриалга гарах эхийг тавьсан юм. АНУ-д боловсрол олсон БНХАУ-ын эрдэмтэн, Шэньжэньд амьдардаг Хө Жянкуй CRISPR ашиглан хийсэн өөрчлөлтийн улмаас ихэр охид дэлхийн анхны генийн засвартай нялхас болсон. БНХАУ нь хүний үр хөврөлд генийн засвар оруулахыг хориглодог зохицуулалттай. Хоригийг нэр хүндтэй эрдэмтэд дэмжиж буйтай зэрэгцэн дэлхийн олон орон ийм практикийг хууль бус хэмээн зарлаад байна.
“Иймэрхүү зүйл тохиолдож болзошгүй олон оронд хүний генийн засвар хэдийн хууль бус болсон. Хятадад анх бүрхэг байсан зохицуулалт эдүгээ тодорхой болчихлоо” хэмээн Калифорни дахь Стэнфордын их Сургуулийн био ёс зүйч Хэнк Грили анхаарууллаа.
ДНХ засах ажиллагаа ойрын таван жилдээ хүний үр хүүхдэд турших хэмжээнд аюулгүй найдвартай болох магадлал хомс хэмээн грили үзэж байв. “Ойрын үед иймэрхүү үйлдлийг хүүхдэд турших нь гэмт хэрэг” хэмээн эрдэмтэн тайлбарлав.
Financial Times
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан