Таны хүүхдийг онилж буй чимээгүй ТАХАЛ

Мессеж, чат, цахим шуудан, нийгмийн сүлжээний сайтууд нь хүүхдүүдийг сөрөг материал, мөрийтэй тоглоомд уруу татах, цаашлаад бэлгийн гаж донтнуудын нөлөөнд оруулах зэргээр бидний хэзээ ч төсөөлж байгаагүй аюултай үр дагавар авчирдаг байна. Орчин үед интернетийн чимээгүй аюул дараах байдлаар илэрч буйг та мэдэх үү?
Цахим дарамт ба “Фэйсбүүк”-ээс үүдэлтэй амиа хорлолт
Цахим дарамт гэдэг нь хохирогчийг интернетэд хэл амаар доромжилж, шоглож, худал цуурхал тараах зэргээр сэтгэл санаагаар унагах явдал юм. Хүүхдүүд цахим дарамтад орсноо эцэг, эхдээ төдийлөн хэлж чаддаггүй. Өсвөр үеийнхний 27 хувь нийгмийн сүлжээнээс үүдэлтэй сэтгэл зүйн дарамтад ордог төдийгүй өдөрт гурван цаг утас үздэг хүүхдийн амиа хорлох магадлал их болдгийг судалгаагаар нотолсон байна.
Баримт 1
Тухайлбал, АНУ-ын Алабама мужийн иргэн, Жессика Лога энэ хэргийн хохирогч болж, 18-хан насандаа хоолойгоо боомилж амиа хорлосон юм. Тэрээр өөрийнхөө нүцгэн зургийг найз залуудаа илгээсэн нь дундаасаа задарч, сургуулийн олон зуун сурагчид бүгдэд нь хүрчээ. Удалгүй охиныг Facebook, MySpace цахим хуудсаар удаа дараа доромжилж, олны элэг доог болгосон ажээ. Хамгийн аймшигтай нь, Жессикагийн оршуулах ёслол дээр өөр нэгэн хөвгүүн амиа хорлосон бол жилийн дараа 13 настай бас нэгэн охин амиа хорложээ.
Тиймээс эцэг эхчүүдээ хүүхдүүдэд дараах шинж тэмдэг илэрч байвал анхааралдаа аваарай!!!
1.Интернетэд хүмүүстэй харилцсаныхаа дараа сандарч байвал
2.Сургуульдаа явах дургүй болвол
3.Интернетэд зочилсныхоо дараа ямар ч шалтгаангүй уурлаж байвал
4.Компьютероо гэнэт хааж, учиргүй уурлах
5.Бодит амьдрал дээр найзууд, гэр бүлээсээ хөндийрөх
6.Шалтгаангүйгээр турах эсвэл жин нэмэх
7.Шөнө унтаж чадахгүй байх
Бэлгийн гаж донтнууд ба хүүхдийн порнографик
Баруунд “хүүхдийн порнографик” гэх ойлголт дэлгэрээд удаж байна. Садар самуун зураг, видео хийхдээ хүүхдүүдийг оролцуулж, интернетэд түгээсээр буй. Хүүхдийн порнографик нь интернетэд хамгийн хурдтай цэцэглэн хөгжиж буй жилдээ 3 тэрбум долларын хөрөнгө эргэлддэг аюултай бизнес юм. “Internet Watch” сангийн судалгаагаар хүүхдүүдийн зургийг зүй бусаар ашигласан 1500 гаруй домэйн илэрчээ.
Үүнээс гадна гаж донтнууд ёс бус хүслээ хангахын тулд хүүхдүүдийг байгаа болгож, мессенжер чат, Instagram, FaceBook, Skype, ooVoo, SnapChat, ASK зэрэг сүлжээг ашиглаж байна. Тиймээс хүүхдүүдэд интернет орчинд танихгүй хүнтэй ярилцаж болохгүй, утасны дугаар, хаяг зэрэг хувийн мэдээлэл, зургаа хэзээ ч дэлгэж болохгүй гэдгийг сануулах шаардлагатай. Танихгүй хүний захианд хэзээ ч хариу өгч болохгүй, учир нь 13 настай охины цаана 50 настай эр байж болохыг анхааруул. Хүүхдүүдээ айлгаж, сэтгэлийг нь түгшээлгүй илэн далангүй ярилцаж, тухайн этгээдийг блоклох эсвэл цагдаад мэдэгдэнэ үү. Хүүхдүүдэд өөр аюулгүй тоглоом, аппликейшн санал болгож, хамтдаа тоглож болно.
Баримт 2
2013 онд Канадад бага насны 380 гаруй хүүхдийг садар самуунд уруу татаж, порно кинонд ашиглаж байсан хэрэг илэрсэн юм.
Баримт 3
Дэлхийн 97 оронд үйл ажиллагаа явуулдаг “Backpage” сайт онлайн секс худалдааг сурталчилж, үүндээ өсвөр насны хүүхдүүдийг оролцуулж байна. Тиймээс АНУ даяар хүний наймааг эсэргүүцэх, гэмгүй хүүхдүүдийг золиосолж буй энэ үзэгдлийг таслан зогсоох хөдөлгөөн өрнөж буй.
Хүүхдүүд тамхи, мансууруулах бодисоос илүү интернет мөрийтэй тоглоомд донтож байна!!!
Интернет нь хүүхдүүдийг ямар ч эрсдэлийг ойлгож, өөрийгөө хамгаалах чадваргүй болтол нь мөрийтэй тоглоомд донтуулж байна. Зөвхөн Их Британид гэхэд долоо хоног бүр хагас сая орчим хүүхэд интернетээр мөрийтэй тоглоом тоглож байдаг гэсэн судалгааг “Gambling Commission” байгууллага гаргажээ.
“Хүүхдүүд хөлбөмбөг, покер, рулет, морин уралдаан зэрэг тоглоом тоглодог бөгөөд мөнгөө алдвал сэтгэлээр унаж, улам улайрдаг” хэмээн “Castle Craig” эмнэлгийн сэтгэл зүйч, мэргэжилтэн Тони Марини “Daily Mail” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ийм донтогчдын нэг болох Макс хүү долоо хоногийн 3600-5300 долларын төлбөртэй сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж байна. Энэ байдал монгол хүүхдүүдийн дунд ч газар авч болзошгүйг бид анхаарууштай.
Баримт 4
Их Британид мөрийтэй тоглоомд донтсон 25 мянган хүүхэд бий. Хүүхдүүд долоо хоногт дунджаар 16-64 долларыг мөрийтэй тоглоомд үрж, залуу үед аюул учирч буйг нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Интернетэд хүүхдүүдийн насыг баталгаажуулахгүйгээр шууд ашиглаж болдог 1600 гаруй мөрийтэй тоглоомын сайт, аппликейшн бий.
Хятадууд хүүхдүүдээ хамгаалахын тулд интернетэд хатуу хориг тавьж байна
Хятадын онлайн тоглоомын операторууд 18-аас доош насны хүүхдүүдэд шөнө дундаас өглөө 08 цаг хүртэл хориг тавьж, вэб сайтуудыг албан ёсоор хаадаг байна. Иймд манайх шиг хүүхдүүд PC тоглоомын газар хононо гэсэн ойлголт үгүй. Тус улсын Кибер орон зайг удирдах газраас вэб шүүлтүүр боловсруулж, шаардлага хангаагүй контентийг устгах зэргээр цахим орчинд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байдаг.
2011 онд “Weibo” зэрэг цахим сүлжээ хэрэглэгчид жинхэнэ нэрээрээ бүртгүүлдэг байх шаардлага тавьж, нийгмийн дэг журам зөрчсөн постуудыг хориглохоор шийдвэрлэсэн байна. Мөн хуурамч нэртэй хэрэглэгчдийг шалгаж, устгадаг ажээ.
2016 онд Хүүхэд хамгаалах хуулиар ухаалаг гар утас, бусад компьютер төхөөрөмжүүдэд хүүхдэд цензур тавьсан програм хангамж суурилуулсан байхыг шаардах болсон юм.
Хүүхдүүдийг донтолтоос хамгаалах “цэргийн” хотхон
Хятадад өсвөр насны хүүхдүүдийг интернетээс хөндийрүүлэх зорилготой 400 гаруй хотхон үйл ажиллагаа явуулж байна. Энд хүүхдүүд цэрэгт буй мэт хатуу чанга дэг журам мөрддөг тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэх гэж 1600 доллар буюу 10 мянган юань төлдөг юм. Интернет хүүхдүүдийн сэтгэцэд ноцтой аюул учруулдаг бөгөөд нэгэнт донтсон бол энгийн амьдралд ороход хэцүү байдаг ч цэргийн сургуулилтад хамруулж, өдөр бүр дасгал хийлгэх нь донтолтоос гаргахад нөлөөлдөг ажээ. Хүүхдүүд энд өдөржингөө хичээлээ давтаж, гадаа гарч тоглох ч эрхгүй байдаг болохоор интернетээс бүрмөсөн хөндийрдөг гэнэ.
АНУ-д хүүхдийн мэдээллийг шалгахыг зөвшөөрдөг
АНУ-д интернет үйлчилгээний компаниудад 13-аас доош насныхны хувийн мэдээллийг цуглуулахыг хуулиар зөвшөөрдөг ажээ. Мэдээж, эцэг эхийн зөвшөөрлөөр хүүхдүүдийг шалгаж, эрсдэлтэй зүйл байвал шууд мэдээлэх үүрэг хүлээнэ. Мөн Хүүхдийн онлайн хамгааллын тухай хуулиар интернет дэх хүүхдийн порнографик материалыг хянаж, насанд хүрээгүй хүнд цахим шуудан, чат-өрөөгөөр түгээхгүй байхаар хориг тавьдаг. Хэрэв тухайн хэрэглэгч 18 нас хүрээгүй бол компьютерт ямар ч садар самуун мэдээлэл гарч ирэх ёсгүй.
Эцэг эхчүүд бид юу хийх ёстой вэ?
Нууцлаг бай. Гэр бүлээрээ амарсан зургаа Фэйсбүүкт нийтэллээ гэж бодъё. Одоо байршлын үйлчилгээ хөгжсөн учраас ганцхан зургаар таны гэрийн хаягийг мэдчихэж болно. Тиймээс нууцлалын тохиргоо хий. Skype болон бусад видео чат сайтуудад вэб камер хэрэглэхээс татгалз. Эсвэл зөвхөн өөрөө мэддэг нууц газраа хадгалан, хүүхдүүдээс хол байлга. Хүүхдүүддээ интернетийг зохистой хэрэглэх боловсрол олгосноор гэмт халдлагаас хамгаалж чадна. Хүүхдүүдээ интернет орчинд хянаж болдог програм, аппликейшн татаж аван ухаалаг төхөөрөмж болон гэрийн интернет түгээгч (wi-fi) төхөөрөмж дээр суулгана уу.
Эцэст нь дүгнэхэд интернет хэмээх хил хязгааргүй орчинд хүүхдүүд төрөл бүрийн гэмт хэргийн хохирогч болж байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй дуудлагын цөөнгүй хувийг цахим орчинд хувийн мэдээлэл тараасан, зургийг нь эвлүүлж, хэл амаар доромжилсон тухай гомдол ирдэг ажээ. Хүүхдүүд цахим сүлжээ ашиглах үедээ зохисгүй контентод нэвтрэх, сэтгэцийн болон бэлгийн шинжтэй дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн золиос болох эрсдэлтэй нүүр тулж байна.
Тиймээс интернетийн аюул гэхээр зөвхөн донтолт, сэтгэцийн эрүүл мэндийг авч үзэх нь дэндүү өрөөсгөл ойлголт юм. Цахим сүлжээ хөгжихийн хэрээр шинэ ойлголтууд гарч ирэн, улс бүр түүнд нь тохирсон хууль дүрэм боловсруулж байна. Бид ч бас нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг болжээ.
ЭХ СУРВАЛЖ: ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО EKIDS.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Ус уух 5 ШАЛТГААН