БНСУ-д улаан бурхан өвчин дэлгэрч буйг анхаарууллаа

Солонгосын Тэгү болон Кёнбүг мужуудаар улаан бурхан өвчин дэлгэрч байгааг албаны эх сурвалж сэрэмжлүүлж байна. БНСУ-д тохиолдол гаралгүй олон жил болж устаж алга болсон өвчнүүдийн нэгт тооцогдож байсан улаан бурхан өвчний тохиолдол илэрчээ. Уг өвчний анхны тохиолдол 2018 оны 12 сард бүртгэгдсэн бөгөөд биеийн эсэргүүцэл сул иргэн гадаад аяллаас халдвар авч ирэн Солонгост дахин дэгдээсэн гэж үзэж буй аж. Вирусны төрлийн өндөр халдварлах чадвартай өвчин болох улаан бурхныг бага дээр нь дарахгүй бол цаашид хамгийн багадаа 5000 хүнд халдварлах эрсдэлтэй гэнэ.
Солонгост улаан бурхан өвчний урьдчилан сэргийлэх тарилгыг 1997 оноос эхлэн 12~15 сартай хүүхдэд эхний удаагийн тарилгыг, 4~6 настай хүүхдэд давтан тарилгыг хийж ирсэнээр эхний тарилгаас 93 хувийн, 2 дахь удаагийн тарилгаас 97 хувийн дархлалтай болдог аж. Одоо энэ өвчний тархалт 1 нас хүртэлх хүүхдэд ихэвчлэн тархаж буй. Түүнчлэн 97 хувийн дархлалтай гэдэг нь үлдсэн 3-4 хувь нь дархлаагүй гэсэн үг юм.
Дархлал багасах аюулд өртөж буй бүлэг 20-40 насныхан ажээ. Энэ насны эмч сувилагч нар улаан бурхны халдвар авбал эсэргүүцэл сул өвчтөнүүддээ халдаах боломжтой учир асуудал илүү томрох магадлалтай.Тиймээс халдвар тараахгүй байхын тулд улаан бурхны тариа хийлгээгүй хүмүүс нэн даруй хийлгэж, юуны түрүүнд эмч нар  тарилга хийлгэсэн байхыг БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа аж. Уг анхааруулга тус улсад сурч, ажиллаж амьдарч буй монголчуудад ч хамаатай юм.
Солонгос улс нь 2014 онд улаан бурхан өвчингүй оронд бүртгэгдэж байсан боловч, даяарчлалын эрин үед дэлхий даяараа улаан бурхангүй орон болохоос нааш сэтгэл амар байх боломжгүйг энэ удаагийн тархалт харуулж байна. Өнгөрсөн онд Европоос эхэлж тархсан улаан бурхан Зүүн өмнөд Ази болон Өмнөд Америкаар дамжсан нөлөөгөөр 2018 онд дэлхийн өнцөг булан бүрт улаан бурхнаар өвдөгсөдийн тоо ихэсжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан