Цэргийн төв эмнэлгийн цээж, хэвлийн мэс заслын тасгийн даргаар хошууч Ж.Бат-Эрдэнэ 2017 оноос томилогдон үр бүтээлтэй ажиллаж байна. Тэрбээр 2005 оноос тус эмнэлэгт мэс заслын эмчээр ажилласан бөгөөд 2008-2010 онд ХБНГУ-ын Бундерсверийн төв эмнэлэгт цээжний хөндийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Мөн 2010-2011 онд Баян-Өлгий аймагт Зэвсэгт хүчний 340 дүгээр анги тулгын чулуугаа тавьсан анхны жил тус ангийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад Судан улсын Дарфур мужид явагдсан энхийг дэмжих ажиллагаа (UNAMID)-ны хоёрдугаар ээлжийн цэргийн багт мэс заслын бүлгийн даргаар, 2014 онд Афганистан улсад явагдаж байгаа НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэсэн IX ээлжийн цэргийн багийн эмчээр томилогдон ажиллагааны туршлага хуримтлуулж, мэргэжлийн ур чадвараа ахиулсан байна. Түүний хэлснээр дээрх хоёр ажиллагаанд үүрэг гүйцэтгэх явцдаа цэргийн багийн захирагч, хурандаа Д.Батболд, дэд хурандаа Д.Туул нарын удирдан зохион байгуулах ур чадвараас суралцаж тэднийг хүндэлж явдаг нь мэдрэгдсэн. Хошууч Ж.Бат-Эрдэнэ 2010 онд ахлах, 2016 онд тэргүүлэх зэрэгтэй эмч болж, өнгөрсөн хугацаанд 3600 гаруй хүнд мэс засал хийжээ. Тэрбээр жилд дунджаар 360 гаруй өвчтөнд мэс засал хийж, эдгэрүүлж байгаагийн дотор 2007 онд 463 хүнд мэс засал хийж, эрүүлжүүлсэн амжилтаар тухайн жилдээ байгууллагын аварга, шилдэг эмчээр шалгарчээ.
Түүний удирдсан цээж, хэвлийн мэс заслын тасаг нь гол төлөв төлөвлөгөөт мэс засал, хагалгааг хийдэг бөгөөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдэд III шатлалын мэс заслын тусламж, үйлчилгээг цээжний хөндий, хэвлийн хөндийн болон чих, хамар хоолойн мэс заслын чиглэлээр үзүүлж байна. Тус тасгийн их эмч нар нь үйлчилгээний чиглэлээр нарийн мэргэжлийн дагнасан тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд хошууч Ж.Бат-Эрдэнэ өөрөө цээжний хөндийн мэс заслын эмчийн үүргийг гүйцэтгэдэг. Түүнээс гадна тус тасагт мэргэжлийн өндөр ур чадвар бүхий цээжний хөндийн мэс заслын эмчээр ахмад Б.Гантөгс, их эмч Х.Амартүвшин, хавдрын мэс заслын эмчээр Д.Дэлгэрмөнх, чих, хамар хоолойн их эмчээр хошууч О.Энхбаяр, ерөнхий мэс заслын эмчээр ахмад Б.Болд, Д.Гантулга, их эмч Б.Билгүүнцог нар ажиллаж байгааг онцлох учиртай. Мөн тасгийн ахлах сувилагчаар ахлах ахлагч Д.Даарийцэцэг ажилладгийн зэрэгцээ эмчилгээний долоон сувилагч, боолтын болон эмийн тус бүр нэг сувилагчтайгаар тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Энэхүү цээж, хэвлийн мэс заслын тасгийн хамт олон зөвхөн 2018 онд гэхэд 1200 гаруй үйлчлүүлэгчийг хэвтүүлж эмчилснээс 800 гаруй мэс засал, эмчилгээ хийсэн тоон үзүүлэлт гарч байна. Энэхүү тоог төрөл тус бүрээр нь дэлгэрүүлж, уншигчдад хүргэх аваас цээжний хөндийн мэс засал-19, хавдрын гаралтай элэг, нойр булчирхай, ходоодны хагалгаа-52, дурангийн мэс засал болон эмчилгээ-393, чих, хамар хоолойн-107 мэс засал, хагалгааг амжилттай хийж, үйлчлүүлэгчдийнхээ хүндлэл, хайрыг хүлээсэн нь бахархам.
Тус хамт олон 2018 онд хагалгааны нэр, төрлийг олшруулан хавдрын гаралтай элэгний дэлбэн, сегментээр болон хэсэгчилсэн тайралтууд, ходоодны бүтэн болон хэсэгчилсэн тайралт, нойр булчирхайн хавдрын тайралт, хөхний хавдрын хагалгаа зэргийг хийж байгаагийн зэрэгцээ энэ оноос эрүүл мэндийн даатгалын өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд Цэргийн төв эмнэлэг хамрагдсанаар дурангийн мэс засал, эмчилгээг түлхүү хийж байна. Ингэснээр эрүүл мэндийн орчин үеийн чиг хандлагыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд тус тасаг нь сүүлийн жилүүдэд дурангийн мэс засал, эмчилгээг хөгжүүлэн цөсний хүүдийг дурангаар авахаас гадна уушгины эмгэг, өрцний ивэрхий, бамбай булчирхайн хагалгаа, элэгний хэсэгчилсэн тайралтуудыг дурангийн аргаар хийж байна. Эндээс дүгнэхэд дурангийн хагалгааны идэвх энэ жилийн тухайд 15,2 хувьтай байгаа нь өмнөх оноос 8,2 хувиар өсчээ.
Цаашид хагалгааны нэр төрлийг олшруулж, дурангийн мэс заслын идэвхийг дээшлүүлэх зорилготой ажиллаж байгаа ба ирэх онд туршилтын мэс заслын операционыг ашиглалтад оруулж, амьтанд эрхтэнг шилжүүлэн суулгах туршилтыг хийж, улмаар тухайн хагалгааг өөрийн эмнэлгийг түшиглэн үйлчлүүлэгч нартаа хийх, нутагшуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ШИЛДЭГ ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН НЭГ ГЭДГЭЭРЭЭ БАХАРХДАГ
Боолтын сувилагч Ц.Түмэндэлгэр 1990 онд Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмчийн мэргэжлээр төгссөн. 1990-1991 онд Улаанбаатар хотын Сувилагчийн дунд сургуулийн нарийн мэргэжлийн хагалгааны сувилагчийн курсийг төгссөн. 2015 онд ахлах зэрэгтэй сувилагч болсон ба цаашид тэргүүлэх зэрэгтэй сувилагч болох зорилго, эрмэлзэл дүүрэн хөдөлмөрлөж яваа тус тасгийн тэргүүний ажилтнуудын нэг болохыг тасгийн дарга, хошууч Ж.Бат-Эрдэнэ онцолсон юм. Тэрбээр 1990 оноос Цэргийн төв эмнэлэгтэй өөрийн ажил, амьдралаа холбож, хагалгааны сувилагч, ахлах сувилагчаар ажилласан бөгөөд тус эмнэлэгт сувилахуйн албыг анхлан байгуулахад мэс заслын арга зүйчээр дэвшин ажиллажээ. Энэ хугацаанд 2005-2007 онд ЭМШУИС-ийн Сувилагчийн сургуульд суралцаж, баклавр зэрэгтэй арга зүйчээр төгссөн аж. Сувилагч Ц.Түмэндэлгэр өөрийн мэргэжлийн дадлага, ур чадвараа улам ахиулахыг эн тэргүүний зорилго болгон 2012-2013 онд Хойд Судан улсад цэргийн багийн бүрэлдэхүүнд хагалгааны сувилагчаар үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын ажилтнууд, цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон орон нутгийн иргэдэд үйлчлэх, хагалгаа, боолт хийх ажилд идэвхийлэн зүтгэсэн байна. Түүний гадаад оронд үүргээ үлгэр жишээ гүйцэтгэснийг нь сарын тэргүүний ажилтнаар хоёр удаа шалгарсан өргөмжлөл гэрчилнэ. Ц.Түмэндэлгэрийн хувьд хавдрын, бүдүүн, шулуун гэдэсний, цээж, хэвлийн хагалгааны дараах боолтыг стандартын дагуу хийх, өвчтөний сэтгэл зүйг засах, тэдний санал хүсэлтийг судалж уламжлах, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд идэвхийлэн оролцож, өнгөрсөн хугацаанд 1450 удаагийн мэс засал, хагалгаанд биечлэн оролцож, олон мянган удаагийн боолт хийсэн тоон үзүүлэлт гарчээ. Ц.Түмэндэлгэр 2015 онд байгууллагын тэргүүний ажилтнаар шалгарч, 2007 онд Эрүүлийг хамгаалах яамны Жуух бичиг, 2012 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2013 онд Нийслэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг хүртсэнээрээ бахархаж явна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналаа БХЯ-ны удирдлагаас 2018 оны ажлын эхний өдөр гардан авснаа ихэд бэлгэшээж, ажил, албандаа илүү чармайлттай, идэвх зүтгэлтэй ажиллаж явааг хамт олон нь онцолсон. Түүнд хийж бүтээхийн эрмэлзэл дүүрэн байна.
ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭНЭЦТЭ-ийн цээж, хэвлийн мэс заслын тасгийн сувилагч Ш.Цэрмаа:
-Би 1997 оноос Цэргийн төв эмнэлэгт гал тогооны үйлчлэгч, асрагчаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд 2005-2008 онд Сувилахуйн их сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөж, 2009 онд Улсын хоёрдугаар эмнэлэгт хагалгааны сувилагчаар нарийн мэргэжил эзэмшсэн. 2008 оноос цээж, хэвлийн мэс заслын тасагт сувилагчаар 10 дахь жилдээ, тус эмнэлэгт нийтдээ 20 гаруй жил бүтээлчээр хөдөлмөрлөж явна. Энэ хугацаанд сувилахуйн ур чадвараас гадна өөрийн урлаг, спортын авьяас, чадварыг хөгжүүлж “Зэвсэгт хүчний тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах урлагийн үзлэгт эхний гурван байрт шалгарч, мөн спортын төрлүүдээр тодорхой амжилтыг үзүүлж байсан. Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудын дадлага, туршлагаас суралцахын зэрэгцээ цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн шаталсан сургалтуудад хамрагдсанаар чамгүй туршлага хуримтлуулж, ур чадвараа ахиулсан гэж ойлгодог. Мөн сүүлийн жилүүдэд дадлагажихаар ирж байгаа сувилахуйн оюутнуудын ур чадвар тун сайжирсан. Жилдээ 60 гаруй сувилахуйн оюутнууд тус клиник, тасагт дадлагаждаг. Тэдгээрээс “миний гараар орж”, ур чадвар эзэмшсэн цөөнгүй оюутан байдаг бөгөөд ихэнх нь мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ер нь оюутнуудыг чадваржуулж, чанаржуулах нь өөрийгөө шинээр нээж, хөгжүүлэх өргөн боломжийг олгодог онцлогтой. Тогтвор суурьшил, амжилт, үр бүтээлтэй ажилласныг маань төр, засаг өндрөөр үнэлж энэ жил “Сувилагчийн өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдэг хүртээсэнд ихэд урамшсан. Ирэх онуудад амжилтаа бататгаж, тасгийн өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг бодит ажил хэрэг болгохын тулд хамт олноороо хоёргүй сэтгэлээр зүтгэх болно.
ХАМТ ОЛНЫХОО ДУНД 25 ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨЖЭЭ
Ж.Батчимэг 25 дахь жилдээ тасгийн асрагч, үйлчлэгчээр тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа тэргүүний ажилтны нэг юм. Тэрбээр гэмтлийн мэс заслын, яаралтай мэс заслын хагалгааны асрагчаар ажиллаж байгаад сүүлийн 5 жилийн хугацаанд цээж, хэвлийн мэс заслын үйлчлэгчийн хариуцлагатай албыг хашиж яваа. Мэс заслын хагалгаа хийж байгаа эмч, сувилагч нар “ариун бээлий”-тэй байдаг учраас тэрбээр хагалгааны үед эмч нартай ойр байж, гэрэл, цахилгаан тоног төхөөрөмжийг ажиллуулах, ойртуулж, холдуулах зэргээр өндөр ачаалалтай, нягт нямбай ажилладаг. Өнгөрсөн хугацаанд 3500 гаруй удаагийн мэс заслын хагалгааны бэлтгэл ажлыг хангаж, оролцсон тоон үзүүлэлт бий.
Түүнчлэн хагалгаанаас хагалгааны хооронд буюу тодруулбал, 10-15 минутын богино хугацаанд мэс заслын өрөө болон тоног төхөөрөмжийг угааж, цэвэрлэх, кварцаар ариутгах ажлыг шуурхай гүйцэтгэж, дараагийн мэс засал хийх бэлтгэлийг хангадаг нь түүний үндсэн ажлын нэг юм. Тус тасгийн үйлчлэгч нар бүгд л өндөр ачаалалтай ажиллаж, шаардлагатай зарим үед илүү цагаар ч ажиллах тохиолдол их гардаг нь ойлгомжтой. Цаг ямагт “ариун” байх шаардлага тавигдаж, коридор, албаны болон өвчтөн бүрийн өрөө, ариун цэврийн өрөөг шил толь мэт арчлах ажээ. Ж.Батчимэг 1997, 2009 онд байгууллагын хөдөлмөрийн аваргаар шалгарч, Эрүүлийг хамгаалахын болон МҮЭ-ийн тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны болон МҮЭ-ийн Хүндэт жуух бичгээр шагнуулжээ. Ажил, албандаа эзний ёсоор ханддаг тэргүүний ажилтны нэг Ж.Батчимэг нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний хань Ч.Ганбаатар нь Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд ажилладаг.
Тэрээр нийт үйлчлэгч (асрагч)-ийн зүгээс ахлах сувилагч, ээлжийн сувилагч нарын зөвлөмж, шаардлагыг сайтар биелүүлж, нийтийн болон их цэвэрлэгээнд байнга хамрагдаж, албандаа чин сэтгэлээсээ ханддагаа илэрхийлж, олон эмч, сувилагч, үйлчлэгч нартай хамтран гар, сэтгэл нийлэн өнөөг хүртэл ажиллаж ирснээрээ бахархдагаа хэлсэн юм. Тэрээр Цэргийн төв эмнэлгийн болон тасгийн хамт олондоо удахгүй болох шинэ оны мэндийг өргөн дэвшүүлж, ирэх оны ажилдаа улам их амжилт олохын ерөөлийг дэвшүүлсэн юм.
Эх сурвалж: "Соёмбо" сонин