Дэлхийн хэмжээнд нас баралтын голлох шалтгаан нь зүрх судасны өвчлөл байдаг. Уг өвчлөлтэй холбоотойгоор хамгийн түгээмэл тохиолддог хүндрэлийн нэг нь цус өтгөрөлт юм. Цус өтгөрөлт нь архаг хууч өвчин, буруу хооллолт гээд олон шалтгаанаас үүддэг байна. Тэгвэл цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр уг хүндрэлийг намжаах боломжтой. Гэхдээ архаг, хууч өвчтэй, зүрхний хэмнэл алдагддаг, хагалгаанд орсон зэрэг заалтаас шалтгаалсан цус өтгөрөлт тогтоогдсон бол зөвхөн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх шаардлагатай. Түүнчлэн эмчтэйгээ зөвлөхгүйгээр эмийн болон бусад төрлийн эмчилгээг доор дурдсан бүтээгдэхүүнээр орлуулж эсвэл хавсарч хэрэглэж болохгүй.
Турмерик
Уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүний нэг бол турмерик хэмээх шар өнгийн амтлагч юм. БНСУ-ын Кёнбукын үндэсний их сургуулийн эм зүйн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн хийсэн судалгаанд турмерик амтлагчийн үндсэн бүрэлдэхүүн болох куркумин нь цусны бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээтэйг /уг хүндрэл үүсэхээс сэргийлж, бүлэгнэлт үүсгэдэг хүчин зүйлсийг дарангуйлдаг/ тогтоожээ.
Цагаан гаа
Цагаан гаанд агуулагддаг хамгийн чухал бодис бол салицилат юм. Энэ нь цус харвалт, зүрхний шигдээснээс урьдчилан сэргийлдэг. Салицилат нь цагаан гаанаас гадна авокадо, чинжүү, интоор жимсэнд агуулагддаг байна.
Чинжүү
Чинжүү нь цусны даралтыг бууруулж, цусны эргэлтийг нэмэгдүүлж, цус шингэрүүлдэг салицилатыг ихээр агуулдаг.
Шанцай
Шанцай нь цус өтгөрөлтийн эсрэг эмийн үндсэн бодис болох кумарин агуулдаг. Түүнчлэн шанцай нь цусны даралтыг бууруулж, үе мөчний болон бусад үрэвслийг намдаадаг аж. Гэхдээ тус бүтээгдэхүүний анагаах чадварын талаар хүн дээр хийсэн шинжлэх ухааны туршилтууд хангалтгүй байгааг мэргэжилтнүүд онцолдог. Учир нь 2012 онд хийгдсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар шанцай болон шанцайн найрлагатай бусад бүтээгдэхүүнийг (талх, цай, хоол) урт хугацаагаар, тогтмол хэрэглэх нь элгэнд сөрөг нөлөөтэй болохыг тогтоосон байна. Тийм учраас шанцайг тохируулж хэрэглэх нь чухал.
Тослог ихтэй загас
Тослог ихтэй загас нь зүрх болон бусад эрхтэнд ашигтай элементүүдээр баялаг. Тус бүтээгдэхүүнийг өдөр тутмынхаа хэрэглээнд ашиглах нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж, цус шингэлдэг байна. Мөн дархлааг дэмжиж, хөгшрөлтийг удаашруулдаг аж.
Бусад төрлийн бүтээгдэхүүнүүд
Зүрх судасны ямар нэг асуудалтай хүмүүс шинэ жимс, хүнсний ногоо, 100% үр тариа, тослог багатай эсвэл тослоггүй сүү, сүүн бүтээгдэхүүн болон эрүүл уураг хэрэглэх шаардлагатай. Мөн бууцай, ногоон өнгийн навчит ногоо, цэцэг байцаа, брюсселийн байцаа, аспарагус, хулуу, нэрс, эдамаме зэрэг K витаминаар баялаг хүнс биед тустай. Харин өөх тоос, холестерин болон сахар өндөр агууламжтай бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.