Таван хүүхдийнхээ эрүүл мэндийг 50 жилдээ баталгаажуулсан “ОТОЧ” аав

Хотын төвөөс хойд зүгийг чиглэн Шадивлан зуслан тийш манай сурвалжлах баг “хүлгийн жолоо” заллаа.
“Шарга морьт”-ийн наахна "Яргайтын богино" хэмээх газарт модон дунд дүнзэн торхон байшингууд эгнэн харагдана. Харин дунд нь жижигхэн таван ханатай бор гэр харагдана. Энэ бол эргэн тойрны байшингуудаа харж хамгаалдаг С.Гомбынх.  Тэрбээр том хүүгээ 3 сартай байхад энд ирсэн бөгөөд хүү нь одоо 15 настай. С.Гомбо “Надад гараа хумхиад, хөлөө жийгээд сэтгэл амар унтах эрхгүй байхгүй” гэж байлаа. Учир нь тэрбээр өөрийг нь харуулдан хүлээх 5 хүүхэдтэй. Тэднийгээ өлсгөхгүй, мөр бүтэн амьдруулахын тулд тэр өглөөнөөс үдэш хүртэл хариуцсан ажилдаа хариуцлагатай ханддаг нэгэн.
Түүний анхны эхнэр өвчнөөр нас барж, хүү охин хоёртойгоо өнчирч үлдсэн ч хослон амьдрах хорвоогийн жамаар дахин гэр бүл зохиож хоёр охин, нэг хүүтэй болжээ.
Гэхдээ түүний амьдрал дардан байсангүй. Эхнэр нь гэр бүлээс илүү найз нөхөдтэйгээ байхыг илүүд үзэн гэрээсээ олон хоногоор явж, буцаж ирж байсаар байгаад эцэст нь бүр мөсөн орхижээ. Амьдралыг хамт даван туулах хань ижил нь орхиод явсан ч хэзээ нэгэн өдөр ороод ирэх болов уу, үр хүүхэддээ хорогдох болов уу гэсэн итгэл тээн сэтгэлдээ нууцхан хүлээж, алдаатай нь уучлахад бэлэн байдгаа ч нуусангүй. Учир нь энгэрийг нь чимэх таван зүүлт болсон үрс нь том болоод ижийгээ асуувал юу гэж хэлэх  вэ гэхээс өөрийгөө буруутгадаг гэж байсан юм. Хэтэрхий зөөлөн хандаж, хорьдоггүй байсан нь алдаа байж гэж боддог гэв.
Тэрбээр өөрийн амьдралаа энэ бол миний давах ёстой даваа. Үүнийг л давчих юм бол таван хүүхдийн минь өмнө гэрэл гэгээтэй ирээдүй хүлээж байгаа гэдэгт би итгэж зүтгэдэг гэж байлаа.
С.Гомбод үнэхээр л хийхгүй ажил, хийж чадахгүй зүйл ч гэж байхгүй гэдгийг хажуу хөршүүд нь хэлж байв. Хариуцан хардаг байшингуудаа хүлээж авахдаа тогийг нь салгаж, хүлээлгэж өгөхдөө залгаж цахилгаанчин болно. Лагерийн байшиндаа ирж зугаацчихаад тортой хогоо хашаан дээр өлгөөд явсан нэгний хогийг цэвэрлэдэг цэвэрлэгч болно. Ингэлээ гээд түүнд байшингаа харуулсан жилийн 80 орчим мянган төгрөгийн төлбөрөө бүрэн өгдөг айл ховор. Шуудай гурилханаар хуурдаг гэдгийг ч хөршүүд нь хэлж байсан юм.
С.Гомбо ажилдаа хариуцлагатайн дээр эцэг эхийн үүргийг давхар гүйцэтгэнэ. Хүүхдүүдийн хоол, цай хийх, хувцас угаах, хүүхдүүдээ сургуульд зөөх гээд л түүний ажил барагдахгүй байсаар өдөр хоног өнгөрнө.
Харин түүний 15 настай том хүү аавынхаа хамгийн том туслагч ажээ. Дүү нараа харж, хамгаалах, усаа зөөх зэргээр тусална.
Аавын энгэрийн чимэг болсон “гарын таван хуруу”
Биднийг ийнхүү ярилцаж суутал цовоо сэргэлэн дуу цангинаж, хүүхдүүдийн гүйлдэх хөлийн чимээ гарсаар гурван тэрсхэн гэмээр нүдэндээ цогтой охид “ааваа, ааваа бид уулан дээрээс таныг явж байхыг харсан” гэсээр гүйн орж ирлээ. “Аавын тагнуулч охид” хэмээн духан дээр нь үнэрлэхэд араас нь том хүү нь хамгийн бага гурван настай дүүгээ үүрсээр орж ирсэн юм. Бага хүүгийнхээ  сэвлэгийг маргааш сүү дусааж байгаад л үргээнэ дээ хэмээж байв. Унтсан дүүгээ орон дээр хэвтүүлээд хучиж тавиад цай чанахаар тогоо шанага эргүүлдэх хүү үнэхээр дүү нараа сайн асардаг нь анзаарагдаж байлаа. Том хүүгээ сургуульд сургаж чадаагүйдээ харамсдаг. Уг нь өөр шигээ зэврээхгүйгээр сонирхдог спортоор нь хичээллүүлэхийг боддог ч энэ нөхцөл байдлаасаа болоод эрдэм номч сургаж чадаагүй хэмээн доош харан хэсэг дуугүй суув.
Харин дүү нарынх нь нэг тавдугаар ангид сурдаг. Нөгөөх нь энэ жил нэгдүгээр ангид орсон. Дараа жил бага охин нь сургуульд орох ч энэ жил цэцэрлэгт өгч чадаагүй гэж байлаа. Цэцэрлэгт өгөхөөр найз нь цахимаар бүртгүүлж өгсөн ч сонгогдож чадаагүй аж. Гэсэн ч хоёр эгчийгээ даган бичиж сурч, эгч нарынхаа цээжилсэн дуу шүлгийг суран гэрээрээ хүмүүжлийг олж авч байгаа хэмээн дэвтэр бал барин эгч нарынхаа дунд суух охин руугаа заав. Тэдний охид үнэхээр нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой аж. Тав тухтай орчин, өмсөх хувцас, халуун хоолоор дутах үе байх ч эцгийн хайраар дутаагүй нь хэн ч харсан тэдний нүднээс илт харагдана.  
Аавын энгэрийн чимэг болсон хүүхдүүдээ эрдэм номтой хүн болгож өсгөвөл эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан гэсэн үг хэмээн боддогоо хэлж байв.
Таван хүүхдийнхээ эрүүл мэндийг 50 жилдээ даатгасан “оточ” аав
Биднийг С.Гомбо гуайнд орсон мөчөөс гэрийн хаалга дэлгээтэй байсан бөгөөд хаалгаа хаахгүй юм уу гэхэд та бүхэн л даарахгүй бол манай хүүхдүүд даарна гэсэн ойлголт байхгүй. Өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу байдаг. Ах нь багаас нь тэгээд сургачихсан юм гэхэд хүүхдүүд хоорондоо баяртайгаар ярилцаж, хөхрөлдөн гүйн гарч одлоо. Хаалга дэлгээтэй байснаас гэрт сэрүү татаж, даарах тийш хандаж байснаа нуух юун.
Харин С. Гомбо “Би хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг 50 жилдээ даатгасан. Харин одоо боловсролыг олгох тал дээр үнэндээ миний хүч хүрэлцэхгүй байна. Ямар ч мөнгөгүй байх үед хүүхдийн дэвтэр бал дуусчихлаа гэхийг сонсоод яах учраа ч олдоггүй гэж байсан юм. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг 50 жилдээ даатгасан гэж чухам юу ярьсныг лавлахад “Би намрын улиралд буурал хяруун дундуур хүүхдүүдээ хөл нүцгэн гүйлгэдэг. Яагаад гэхээр би үүнийг өөрийн биеэр мэдсэн учир ханиад хүрч, хоолой өвдөж үзсэнгүй. Хүүхдүүд минь ч надтай адилхан өвдөөд байдаггүй. Жаахан ханиад томуу хүрэх юм бол энэ уул уснаасаа аньсны навч, туулайн баас, хар модны боргоцойг буцалгаад өгчихдөг” гэж байлаа.
Ер нь байгаль  надад их нөмөр нөөлөг, түшиг минь болдог. Өвөлдөө гишүү мод түүгээд түлчихнэ. Байгальтайгаа их ойрхон байдаг болохоор мод сөөг бутыг тасалж хугалахыг тэвчдэггүй. Хүмүүс хэдийгээр мод тарина гэдэг ч таримал мод байгалийн мод шиг сайхан ургадаггүй. Тиймээс амьтай нэг мөчир, нэг бутыг ч хайрладаг гэсэн юм.
Багшаа гэж хүндлэх тамирчидтай "Спортын мастер"
С.Гомбо анхнаасаа ийм ядуу зүдүү амьдарч байгаагүй. 1990-ээд онд үүргийн наймаа цэцэглэж байх үед наймаа хийдэг байсан ч нэг л мэдэхэд тэр бүгд нь нуран унасан гэдэг. Мөн залуудаа 1984 -1992 оныг дуустал одоогийн Монголын хүндийг өргөлтийн холбоо, тэр үед Спорт сургалтын төв гэж байсан сургалтын төвд хүндийг өргөлтөөр хичээллэж байжээ. Спортын мастер цолтой нэгэн аж.
Хүүхдүүдээ том хүүдээ даатгаад 3 хоног Өвөрхангайд болсон Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг шүүн явуулчихаад хоёр хоногийн өмнө буцаж ирлээ хэмээж байв. Олон улсын хоёрдугаар зэрэгтэй шүүгч бөгөөд үүнийгээ сайн найз нөхөд, холбооны минь л ач буян гэж байлаа.
Хамгийн бахархмаар зүйл нь ахаа, багшаа гээд хүндлэх олон тамирчид байдагт сэтгэл өөдрөг байдаг гэж байлаа. Нэг дэвжээн дээр хүндийг өргөлтөөр хичээллэж байсан нөхөд нь түүнийг хамгийн ихээр дэмжиж тусалдаг байна. Тэдний дэмжлэгээр нэгээс хоёр сарын хугацаанд зохион байгуулагддаг хүндийг өргөлтийн тэмцээнд шүүгчээр орж ажилладаг байна.
Тэдний гэр байгаа энэ газар өөрсдийнх нь эзэмшил биш бөгөөд айлын газар дээр харуул хийхээр ирсэнээ хэлээд 15 жилийн өмнө зөвшөөрөл авч буужээ. Өнөөдрийг хүртэл байлгасан эзэд нь одоо тэднийг нүүхийг хүсчээ. Амьдралынхаа ихэнх цагийг энд өнгөрүүлсэн тэдэнд эндээс явбал хаана очих вэ, хэрхэн амьдрах вэ гэсэн асуултанд хариулт олоход үнэхээр бэрх аж. Дассан энэ газраасаа холдчихвол тэдэнд үнэхээр очих газар, орох ажил ч олдохгүй гэдгийг л сайн мэдэж байна гэж байлаа. 


zaluu.com
скачать dle 12.0
Advertisement Banner
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл

Бантан бол хор

Бантан бол хор