Хиймэл мах ба шавж- Ирээдүйн хүнс

Мал аж ахуй нь байгаль орчинд асар их хохирол учруулдаг бол улаан мах хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй. Эрдэмтэд лабораторид мах ургуулж, шавжийн тэжээллэг чанарт анхаарч эхлэв. Махны эрэлт асар ихээр нэмэгдэж буй нь томоохон хямрал дуудаж магадгүй юм. НҮБ-ын тооцоогоор уур амьсгалын дулаарал ба байгаль орчны бохирдол түргэсэх үйл явцын 14 хувь нь мал аж ахуйгаас шалтгаалдаг аж.
Иймээс экологичид хүн төрөлхтөнд хандаж, бодлоготой хэрэглээнд уриалахын зэрэгцээ лабораторид ургуулсан маханд ихээхэн найдвар тавьж байна. Түүнчлэн хүмүүсийг хүнсэндээ шавж хэрэглэж болно гэсэн үзэл санаанд дасгаж байна.
Эрдэмтэд лабораторид мах ургуулж, шавжийн тэжээллэг чанарт анхаарч эхлэв. 
Жилдээ 70 тэрбум мал нядалж, энэ тоо өсөхийн хэрээр хүмүүс хагас зуун жилийнхээс 10 хувь илүү мах иддэг болжээ. 2050 онд одоогийн хүчин чадлаар бүх хүний махны хэрэглээг хангах боломжгүй болно. Мал аж ахуйд тулгарсан асуудлыг шийдэхэд генийн инженеринг туслах чадвартай. Эрдэмтэн Марк Пост 2013 онд үүдэл эсээс лабораторийн нөхцөлд ургуулсан анхны махыг танилцуулсан. Түүний бүтээсэн махаар хийсэн нэг котлет 330 мянган ам.долларын өртөгтэй байв.
Харин одоо хиймэл махны үнэ килограмм нь 24 ам.доллароос хэтрэхгүй болсон агаад зарим старт-ап 2020 оноос зах зээлд нийлүүлэхээ амлажээ. Тухайлбал, Ecovative компани IKEA-гийн баглаа боодлоос мах гаргаж авах төлөвлөгөөгөө зарлав. Impossible Foods компанийн мэргэжилтнүүд жинхэнэ махнаас амт нь огт ялгарахгүй мах ургуулж байгаагаа мэдээлжээ. Үүнтэй адил төсөл дээр хэдэн арван фирм ажиллаж, гарааны бизнесийн сангаас мөнгө авч байна. Тэрбумтан Билл Гейтс, Ричард Брэнсон нар “эсийн хөдөө аж ахуй”-д хөрөнгө оруулагчдын тоонд багтдаг.
Өдөт хэдэн мянган мал нядалдаг Америкийн хүнсний томоохон компаниудын нэг Tyson Foods бас хиймэл маханд хөрөнгө оруулжээ. Ийм махыг цагаан хоолтой андуурах хэрэггүй. Үүнийг “ургуулсан, нийлэг, лабораторийн” гэх мэт янз бүрээр нэрлэдэг. Гэхдээ л энэ бол жинхэнэ мах юм. Лабораторид жижиг био реактораар тахианы мах ургуулахад хоёр хоног шаардагдана. Үүнд эсийн хуваагдлыг түргэсгэх болон тодорхой бүтэц үүсгэх зорилгоор уураг ашиглах ба өсөлтийг хангах тэжээллэг орчин хэрэгтэй.
Жилдээ 70 тэрбум мал нядалж, энэ тоо өсөхийн хэрээр хүмүүс хагас зуун жилийнхээс 10 хувь илүү мах иддэг болжээ.
Эхэндээ малын цус ашиглаж байсан бол одоо синтетик уусмалд ургуулах болсон тул амьд мал шаардлагагүй болжээ. Ийм орчинд зөвхөн махнаас өөр зүйл ч ургуулж болно. 2018 онд Финландын технологийн төвд анх удаа био реактор дотор сүүний болон өндөгний уураг бүтээсэн байна. Энд микроб чухал үүрэг гүйцэтгэдэг.
Микробууд агаараас нүүрс устөрөгчийн хий ба азот авч, цахилгааныг эрчим хүч болгон ашиглана. Судалгаанд оролцож буй доктор Лаури Рейтер ирээдүйд хэрэглэгчид өөрсдөө гэрийн жижиг реакторт идэшний ургамлын эд эс хийх боломжтой хэмээн өгүүлэв.
Био реактор байгальд нөлөө үзүүлдэггүй учир ой мод, ус, газар хэвээр үлдэхээс гадна ямар ч хаягдал, хорт хий ялгаруулахгүй. Гэхдээ одоохондоо бүрэн судалгаа алга байна. Харин шувуун фермтэй ойролцоо цахилгаан ашигладаг аж. Popular Science сэтгүүл уламжлалт мах үйлдвэрлэх зардлыг хиймэл махныхтай харьцуулжээ. Лабораторийн махны ил давуу тал нь маш бага талбай хэрэгтэй. Нэг бүхэл хонины мах үйлдвэрлэхэд 40000 хөргөгчийн ашиглах цахилгаан хэрэгтэй бол хиймэлд маханд 30000 байна. Харин буурцагт ургамалд 1.5 мянган цахилгаан хэрэгслийн эрчим хүч шаардагдана.
Калифорнийн их сургуулийн генетикч Элисон Эйненам мал аж ахуй зөвхөн мах үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй тул хиймэл мах жинхэнэ махыг зах зээлээс шахлаа ч мал нядлах ажил зогсохгүй гэж үзэж байна. Тэрбээр “Нэг гамбургер хийхэд 55 үхрийн мах ашигладаг нь тогтоогдсон зүйл. Малын бусад хэсэг нь арьс, желатин, тэжээл, лаа тэр ч байтугай тэсрэх бодис хийхэд ордог. Хиймэл мах бүтээгчид амтнаас гадна эрдэс, бичил биет, өөх, уураг, нүүрс усны орцыг тохируулах ёстой” хэмээн ярьжээ.
Байгаль орчин, мал амьтанд хөнөөл учирч байгаа ч дэлхийд нэг сая хүн өлсөж, гурван тэрбум нь бүрэн сайн хооллохгүй байгаа. Бас хоёр тэрбум нь хэт идсэнээс өөхөлж, диабет, зүрх судасны өвчтэй болсон. Жилд чанаргүй хүнсний улмаас 11 сая хүн цаг бусаар нас бардаг аж. 
  • Нэг гамбургер хийхэд 55 үхрийн мах ашигладаг нь тогтоогдсон зүйл
  • Хоёр тэрбум нь хэт идсэнээс өөхөлж, диабет, зүрх судасны өвчтэй болсон
  • 2015 онд Европын холбооны хүнсний аюулгүй байдлын газар шавжийг хүнсэнд ашиглах тухай судалгаа хийсэн байна
Эрдэмтэд хүний бие болон байгаль орчинд бага хор хөнөөлтэй хоолонд шилжихийг уриалж буй. Үүний тулд сахар, улаан махны хэрэглээг хоёр дахин багасгаж, жим, ногоо, самрын хэрэглээг хоёр дахин нэмэх хэрэгтэй гэж үздэг. Lancet сэтгүүлд саяхан судалгааныхаа тайланг нийтлүүлсэн 36 эрдэмтэн ийм дүгнэлт хийжээ.
2050 он гэхэд 10 тэрбумд хүрэх дэлхийн хүн амыг тэжээхийн тулд уламжлалт болон хиймэл хүнснээс гадна шавжийг уургийн эх үүсвэр болгон ашиглаж шаардлагатай гэнэ.
Шавж хүртээмжтэй, тэжээллэгийн дээр экологид хөнөөлгүй учир хүнсний шинэ хувилбар байж болох юм. Бүр 2015 онд Европын холбооны хүнсний аюулгүй байдлын газар шавжийг хүнсэнд ашиглах тухай судалгаа хийсэн байна.
ЕХ-ны мэргэжилтнүүд идэж болох шавжууд сайн чанарын уураг, өөх тос, амин дэм, хүнсний мяндас гэх мэт ашигтай бодисын эх сурвалж байж болох талаар санал дэвшүүлжээ. Өнөөгийн байдлаар хоёр тэрбум орчим хүн хүнсэндээ байнга шавж хэрэглэдэг байна. Шавж үржүүлэх ажлын гол эрсдэл нь химийн бодис ашигласнаас үүсэж магадгүйг эрдэмтэд анхааруулсан юм. Шавжийн ферм байгаль орчинд ямарч хорт нөлөө үзүүлдэггүй тул хүнс үйлдвэрлэлийн ирээдүйтэй салбар юм.
"Засгийн газрын мэдээ" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан