Хүн төрөлхтөнд хамгийн их хохирол учруулсан аймшигт 10 тахал

Хүн төрөлхтөн төдийгүй олон төрөл зүйлийг хоморголон устгах чадалтай халдварт өвчин, түүний эсрэг амьд үлдэхийн төлөөх хүний тэмцлийн түүх олон бий. Бид төрөл бүрийн халдварт өвчнийг анагаах шинэ технологи нээхтэй зэрэгцэн өвчин үүсгэгч бичил биетүүд ч мөн адил хөгжин мутацид орж өөрчлөгдсөнөөр хүний нээсэн шинэ зэвсгийг эсэргүүцэх хүчтэй болж байна. Энэ бол амьд биет оршин тогтнох хууль юм. Онолын эрдэмтэд тус хувьслыг гэмт хэргийн гаралттай харьцуулж тайлбарлах нь ч бий. Гэмт хэрэгтнүүд хууль сахиулах ажиллагаанд гарсан дэвшлийг давж хэрэг үйлдэхийн тулд улам бүр нарийн шинэ арга сэддэгтэй адил юм. Бид уншигчдадаа хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн аймшигтай 10 тахал, тэдгээрээс үүдэлтэй сүйрлийн тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Хүн төрөлхтөнд хамгийн их хохирол учруулсан аймшигт 10 тахал

Нэн эртний үеийн тахал

Хуучин чулуун зэвсгийн үед 100,000 гаруй жилийн тэртээ аймшигт тахал дэгдсэн юм. Тухайн үед хүн төрөлхтний тоо эрс цөөрсний дотор залуус илүүтэй үрэгдсэн гэдэг. Улмаар Африкийн хүн ам 10,000 ч хүрэхгүй цөөн болсон аж. Энэ бол балар эртний догшин ертөнцийн хувьд үнэхээр бага тоо юм. Бичний төрөл зүйлийг зарим аймшигт өвчин тусахаас сэргийлж байдаг хоёр төрлийн өвөрмөц генийг хуваан шинжих замаар судлаачид дээрх дүгнэлтэд хүрчээ. Хүн төрөлхтний хувьд өдгөө нэг ген нь устаж, нөгөө нь ямар нэг ажиллагаагүй болсон. Тус тахлын дараа хомо сапенс буюу анхны ухаант хүний тоо маш хурдан нэмэгдсэн бөгөөд хувьслын генетик өөрчлөлт хүнийг зарим өвчинд тэсвэртэй болгосон байх магадлалтай гэж үздэг.
Нэн эртний үеийн тахал

2Швед

Шведийн агуйн оршуулгын сүүлийн судалгаагаар олон тооны цогцос илрүүлэхийн зэрэгцээ аймшигт түүхийн баримт олжээ. Европт Хар тахал хэмээн алдаршсан анхны сүйрлийн тахлын үүсгэгч “yersinia pestis” буюу тарваган тахлын ул мөр эндээс илэрсэн аж. Тус тахлын олон удаагийн давлагаанд өртөж байсан дундаж зууны үеийн Европ газрын хөрснөөс арчигдах дөхсөн түүхтэй. Тарваган тахал үүсгэгч Шведэд 5,000 жилийн өмнө амьдарч байсан цогцсоос олдсон явдал бол бидний мэдэх хамгийн эртний тахал гэж үзэж байсан баримтыг үгүйсгэв.
Манай эриний 541 онд Византын эзэнт гүрнийг сөхрүүлж, үүнээс хойш 200 жил давлагаалсаар 25 сая хүний аминд хүрсэн Юстинианы үеийн тахлыг тарваган тахлын анхны том дэгдэлт гэж үздэг байсан. Үүний өмнө хүний нийгэмд тодорхой хэмжээнд оршин байсныг бид мэддэг. Барагцаалбал 5000-6000 орчим жилийн тэртээд хүн төрөлхтний тоо ямар нэг шалтгаанаар эрс цөөрсөн тухай баримт бий. Харин одоо үүний шалтгаан анхны Хар тахал байсныг судлаачид мэддэг боллоо.
Тус бактери өнөөдөр ч оршсоор байна. Гэтэл яагаад Ромын эзэнт гүрний удмыг дэлхийн хөрснөөс арчих дөхсөн, 14 дүгээр зууны Европын хүн амын 60 хувийг хоморголон устгасан шиг аймшигт үхэл дагуулахгүй байна вэ? Гол шалтгаан нь дасан зохицох чадвар. Хүн тарваган тахлын үүсгэгчийг тодорхой хэмжээнд эсэргүүцэх чадалтай болсон. Шведэд олдсон баримтаар үүнийг тарваган тахлын хамгийн эртний тохиолдол гэж тооцох болсон хэдий ч дэлхийн хаа нэгтээ өөр баримт нуугдаж байхыг үгүйсгэхгүй юм.
Швед

3Афин

МЭӨ 430-427 онд Афинчууд нэгэн нууцлаг өвчинд нэрвэгдсэн юм. Улмаар Спартачуудын эсрэг дайнд нь хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн гэдэг. Түүхэнд “Афинчуудын тахал” гэж нэрлэсэн тус өвчний тухай “Пелопоннессийн дайны түүх” (History of the Peloponnesian War) хэмээх алдарт номд маш тодорхой өгүүлсэн байдаг. Тухайн үед Афины хүн амын гуравны нэг хэсгийг хүйс тэмтэрсэн гэжээ. Зохиолч Фукидид (Thucydides) шинж тэмдгийг нарийн дүрслэн бичсэн байдгаас дурдвал хүчтэй ханиалгах, бөөлжих, таталт өгөх зэргийн нэрлэж болно.
Судлаачид өнөөдөр ч энэ нь яг ямар өвчин байсныг тодорхой мэдэж чадаагүй ч улаан бурхан, цэцэг өвчин байх магадлалтай зэрэг хэд хэдэн таамаг дэвшүүлсэн байдаг. Хэдийгээр өвчин үүсгэгч бичил биетийг илрүүлж чадаагүй ч Афины хүн амыг үлэмж хэмжээгээр хорогдуулсан нь баттай. Баталгаагүй боловч тус нууцлаг бичил биет эртний Грекийн мөхөлд үлэмж буруутай гэж үзэх нь бий.
Афин

4Энтонины тахал

МЭ 165 оноос Ромын эзэнт гүрэнд тархсан тус муу ёрын өвчин улсыг бүхэлд нь хүчтэй донсолгосон. Дийлэнх судлаач үүнийг цэцэг өвчин байсан гэж үздэг. Ямар ч өвчин байсан цаг үеийнхээ хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг сууриар нь ганхуулж, түүхийн замналыг өөрчилсөн нь үнэн. Энтонины тахал эрчээ авсаар өдөрт 2,000 гаруй хүнийг үхэлд хүргэж, Ромын нийт хүн амын долоогоос 10 орчим хувийг устгасан гэдэг.
Европыг хөндлөн туулсан Ромын нүсэр арми хоорондоо ойрхон, нягт байрлаж байсан тул тахал маш эрчимтэй түгж улмаар Ромын цэргийн хүчин мөхөстөж эзэнт гүрэн арагш нэг алхам ухарсан билээ. Түүнчлэн хүн амын нягташилд нөлөөлж хүмүүс тархан суурьших болсон. Энэ мэт нөлөө дараа дараачийн тахлын үед ч ажиглагдаж нийгмийн олон янз байдалд нөлөөлж байсны нэг жишээ бол дундад зууны үеийн Европ мөн. Энэхүү сүйрлийн улмаас Германы соёл бэхжих зам тэгширч, харин Ромын эзэнт гүрэн уналтад орсон юм. Хүн амыг нь хүйс тэмтэрсэн тус тахлын нөлөөгөөр Ром эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хүнд байдалд орж ноцтой аюулд өртсөн.
Энтонины тахал

5Византын эзэнт гүрэн

Византын эзэнт гүрнийг сөхрүүлсэн тухай дээр дурдсаныг санаж байна уу? Үнэхээр харгис, аймшигтай зүйл болсон. Константинополиос гаралтай, грекээр харилцдаг, Ромын эзэнт гүрэнтэй төстэй байсан зэргээс нь үүдэж Византыг цаг үеийнхээ Зүүн Ромын эзэнт гүрэн гэж байв. Тухайн үед дэгдсэн тахлыг Нэгдүгээр Юстиниан (Justinian I) хааны үед дэгдсэн тул “Юстинианы тахал” хэмээн нэрлэжээ. Анх 541 онд эзэнт гүрний цөм болсон Константинополь хотыг хөмөрч эхлээд дараа нь бүтэн жилийн турш тархсаар Ромын эзэнт гүрэнтэй тэнцэх хэмжээний талбай хүртэл дэгдэв. Тухайн үед Юстиниан хаан Ромын эзэнт гүрнийг сэргээн байгуулахаар зориглож Ромын суу алдрыг дахин дуурсгахын тулд баруун зүгт хэд хэдэн цэргийн ажиллагаа явуулаад байсан юм. Гэвч тус тахлын нөлөөгөөр урагшлах боломжгүй болжээ.
Олон зууны дараа яг энэ тахал худалдааны замаар голдуу хархаар дамжиж Европт дахин дэгдсэн. Тэгэхдээ Зүүн Европын эзэнт гүрнээр хязгаарлагдаагүй юм. Ромын эзэнт гүрний баруун хагас нуран унасны дараа ч Европт үргэлжлэн тархсаар газар сайгүй дэгдсэн. Улмаар багадаа 25 сая хүний аминд хүрч Европыг бүхэлд нь сүйтгэсэн гэдэг. Энэ бол асар хүчирхэг бичил биет. Хүн төрөлхтний түүхээс харахад нэг зүйл тодорхой. Худалдааны зам өргөжиж, тээвэр хөгжихийн хэрээр улам олон сая хүн амиа алдаж сүйрэл нүүрлэж байж. Тус халдварт үүнээс ч том гамшиг дагуулах чадал бий.
Византын эзэнт гүрэн

6Дундад зууны үеийн Европ

Византын эзэнт гүрэнд тохиолдсон зүйлийн дараа нь түүхэн Их тахал буюу Хар тахал дэгсэн билээ. Энэ нь анх 1334 онд Юстинианы тахалтай адил байдлаар Хятадад илэрч худалдааны зам даган Европт хүрчээ. Үүгээр өвдсөн л бол үхлээс өөр зам үлддэггүй байв. Эмнэл зүйн хувьд булчирхайн хэлбэрт багтах тус аймшигт тарваган тахал худалдааны зам дагаж Византын эзэнт гүрнээр дахин нэг удаа хүчтэй давлагаалж, Европыг цусаар будсаны дараа 1348 онд үрэгдэгсдийн тоо оргил цэгтээ хүрсэн. Маш хэрцгийгээр үхэлд хүргэдэг тус бичил биет тухайн үеийн Европын хүн амын 60 хувийг газрын хөрснөөс арчсан түүхтэй. Улмаар Европын ирээдүйг ихээхэн өөрчилсөн гэдэг. 
Дундад зууны үеийн Европ

7Америк

Удаах том тохиолдол Америк тивд дэгдсэн. Колоничлогч Европчуудын нөлөөгөөр 1519 онд Флорида, Каролина, Виржиниа мужуудаас эхлэн цагаан бурхан өвчин тархаж нутгийн уугуул иргэдийг үй олноор нь устгасаар 1633 онд Массачусеттс хүрчээ. Америк, Европ хоёр ертөнц алс хол тусгаарлагдан оршдогоос уугуул Америкчуудад улаан бурхан, тарваган тахал, ялангуяа салхин цэцэг өвчин зэрэг Европ вирусийг эсэргүүцэх дархлаа байгаагүй нь лавтай. Цагаан бурхан өвчин нүд халтирам үхэл дагуулсаар Америкийн төв болон өмнөд хэсгүүдийг хамарч Азтекийн эзэнт гүрэнд халдсан. Улмаар Юстинианы тахлаас хоёр дахин богино хугацаанд 100 жил үргэлжлэхдээ 17 сая хүн амтай Азтек үндэстний 90 хувийг сүйрүүлж ердөө 1.3 сая иргэн үлдсэн аж. Дээрх өвчнүүдээр олон хүн амь алдсаар 1900 онд ердөө 530,000 уугуул америк үндэстэн амьд үлдсэн байжээ. Тийм ч учраас үүнийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт тахлуудын нэгд тооцдог.
Америк

8Орчин үеийн тахал

1860-аад оны үед Хятадад тархсан орчин үеийн тахал бол түүхийн номуудаас олж унших бараг боломжгүй хамгийн эмгэнэлт түүхүүдийн нэг мөн. Дараа нь 1894 онд Хонконгийг дайрсан тус тахал 20 гаруй жил үргэлжлэхдээ 10 сая орчим хүний аминд хүрч Энэтхэгт хүртэл дэгдсэн аж. Эрдэмтэд тус тахлын шалтгааныг голдуу худалдааны зам дагаж, усан онгоцоор ирсэн хархад хүн хазуулж халдвар авснаас үүдэлтэй гэж үзжээ. Өдгөө энэ өвчнийг эмчлэх, ирээдүйн дэгдэлтээс сэргийлэх боломжтой болсон.
Орчин үеийн тахал

9Халдварт саа өвчин

Халдварт саагийн ид дэгдэлтийн үед амьдарч байсан хүмүүс одоо ч бий. Полиовирусээр үүсдэг тус өвчин хүний мэдрэлийн системийг хүчтэй гэмтээж төрөл бүрийн аймшигт үр дагаварт хүргэж олон хүний аминд хүрсэн бөгөөд хамгийн аймшигтай нь голдуу тав хүртэлх насны хүүхдүүд өртөж байв. Дэгдэлтийн оргил үе 1952 онд АНУ-д тохиож эмч нар төрөл бүрээр эмчилгээний арга хайсаар байв. 1933 онд АНУ-д халдварт саа туссан 5,000 тохиолдол бүртгэгдсэн байсан бол 1952 онд энэ тоо 10 дахин өсөж 59,000 хүрчээ. Халдварт сааны эсрэг хоёр төрлийн вакцин бүтээсний ачаар тус гамшиг намжсан түүхтэй.
Халдварт саа өвчин

10ХДХВ/ДОХ

ХДХВ бол дэлхий нийтийг хамарч буй сүүлийн том тахал гэж болно. 1980-аад оны дунд үеэс эхэлж хурдтай тархаж 1981 оны эхэн үед АНУ-ын Өвчин хяналтын төв нийтэд мэдээлж эхэлснээр эрчтэй тархаж олон хүний аминд хүрч буй тус вирусийг судлах ажил эхэлжээ. Барууны орнуудад, тэр дундаа ижил хүйстэн иргэдийн дунд илүүтэй түгсэн тус тахлын анхны тохиолдлыг 1981 оны зургадугаар сарын 16-ны өдөр бүртгэжээ. 35 настай, ижил хүйстэн кавказ залуу тусламж хүсэж эмнэлэгт хандсан ч Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн клиник төвд 10-р сарын 28-нд насан эцэслэсэн аж. Үүнээс хойш улам эрчтэй тархсаар зөвхөн 1985 онд өмнөх бүх жилүүдэд гарсан тохиолдлоос илүү олон хүн халдвар авсан гэж Өвчний хяналтын төвөөс 1986 онд мэдээлсэн. Радио, телевиз, компьютер хөгжиж цахим эрин үе байтал өвчин маш хурдан тархаж байв. Улмаар 1990-2000 онд үргэлжилсээр дэлхийг хөмөрсөн юм.
Гэвч хүн төрөлхтөн тус аюулын эсрэг тэмцсээр ретровирусийг эсэргүүцэх эм, эмчилгээ нээж, ядаж вирусийн өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлаж чаддаг болсон. Одоо бидэнд гайхамшгийг бүтээж чадах эм байна. Халдвартай хоёр ээж эмчилгээний ачаар эрүүл хүүхэд төрүүлж, халдвартай хүн эмийн тусламжтайгаар хамтрагчдаа халдаахгүй байх боломж бүрдэж өдөр өдрөөр тэлж буй өвчний тархцыг зогсоох эм, вакцин гаргаж авахын тулд эрдэмтэд завгүй зүтгэсээр, олон сая ам.долларыг тус үйлд хандивласаар байна.
Бид ялалтын цэгт аажим ойртохын хэрээр өндөр хурдаар жигд тархаж буй тус өвчнийг эсэргүүцэх чадвар нэмэгдэх, хүмүүс орчин үеийн эмийн бэлдмэлд илүү итгэсээр байна. Биднийг газрын хөрснөөс арчихаар довтолж буй эмгэг төрүүлэгчийг ялан дийлсээр байх ирээдүй бий. Гэвч дараа дараачийн тахал дахин довтлохоор ойртож айсуй.
ХДХВ/ДОХ

Эцэст нь амьд биет илүү хүчирхэгжиж, хувьсан өөрчлөгдсөөр байна. Энэхүү хувьслын явцад соёл иргэншлийг бүхэлд нь донсолгож байсан аймшигт тахлын олон түүх өгүүлж болно. Тус нийтлэлд ашиглаж буй “тахал” гэсэн нэр томьёонд хүн амын үлэмж хэсгийг үхэлд хүргэсэн бүх төрлийн өвчин үүсгэгч биетийг хамруулж үзсэн болно.
Caak.mn
скачать dle 12.0
Advertisement Banner
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл